
Өнөөдөр манай оронд зуны цагийн тоололд шилжсэний дараах ажлын анхны өдөр тохиож байна. Дэлхийн 70 гаруй орон жил бүрийн хавар зуны цагийн тоололд шилждэг бөгөөд энэ уламжлал Хойд Америк болон Европ тивийн орнуудад ихэвчлэн мөрдөгддөг юм. Дэлхийн нэгдүгээр дайны үед Герман болон түүний холбоотон Австри-Унгарын эзэнт гүрэн эрчим хүч хэмнэх зорилгоор 1916 оны дөрөвдүгээр сарын 30-нд зуны цагийн тооллыг анх нэвтрүүлж, цагаа урагшлуулжээ.
Удалгүй Германтай дайтагч Их Британи болон түүний холбоотнууд, мөн дайны үед төвийг сахиж байсан Европ тивийн хэд хэдэн орон энэ жишгийг дагаж цагаа урагшлуулсан байна. Дараа жил нь буюу 1917 онд Орос зуны цагийн тоололд шилжсэн бол 1918 онд АНУ мөн энэ уламжлалд нэгджээ. Дайны дараа эдгээр орны зарим нь зуны цагийн тооллоос татгалзсан ч, Дэлхийн хоёрдугаар дайн, мөн 1970-д онд дэлхийн эрчим хүчний их хямралын үеэр энэ системийг эргэн нэвтрүүлж байсан. Африкийн дийлэнх орон зуны цагийн тоололд хэзээ ч нэгдэж байгаагүй.
Харин манай хоёр хөрш, мөн Өмнөд Америк, Төв болон Өмнөд Азийн орнууд зуны цагийн тоололд шилждэг байгаад сүүлийн жилүүдэд больсон байна. 1940 онд Их Британи зуны цагийн тоололд шилжээд намар нь цагаа буцааж ухраагаагүй байна. Үүний дараа жил нь Их Британичууд цагаа дахин нэг цаг урагшлуулснаар Гринвичийн цагаас хоёр цагаар түрүүлэх болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед хийсэн энэ зохицуулалт нь хүмүүст гэгээ тасраагүй байхад гэртээ харих боломж олгох, мөн эрчим хүч хэмнэх зорилготой байсан юм.
Британичууд ийнхүү хоёр цагаар түрүүлүүлсэн цагаа 1947 онд л буцаан ухраажээ. Харин Австралийн Лорд-Хау арал зуны цагийн тоололд шилжихдээ цагаа бүтэн биш, хагас цагаар урагшлуулдаг онцлогтой. Бас нэг сонирхолтой баримтыг дуулгахад 1999 онд алан хядагчдын үйлдэх гэж байсан халдлага цаг ухарснаас үүдэн бүтэлгүйтэж байсан удаатай гэнэ.
Тэд Израйлийн хот хоорондын автобусанд тэсрэх бөмбөг бүхий тээш ачин, 18:30 минутад дэлбэлэхээр тохируулсан байна. Гэвч Израйльчууд халдлагын өмнөх өдөр цагаа урагшлуулсныг алан хядагчид анзаараагүйгээс тэсрэх бөмбөг автобусанд биш, алан хядагчдын авто машинд шинэ цагаар 17 цаг 30 минутын үед дэлбэрч, алан хядагчид өөрсдөө амь үрэгджээ.
Дэлхийн зун цагийн тоолол... | ||
Үзсэн: 819 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.