Шууд Chart

Эртний түүхт Пальмира хотод бага хохирол учирчээ

2016-03-28 16:46:03

Сирийн Засгийн газрын цэргүүд ОХУ-ын агаарын цэргийн ажиллагааны дэмжлэгтэйгээр эртний Пальмира хотыг "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн дайчдаас өчигдөр бүрэн чөлөөлсөн. Үүний дараа тус хотын түүх, соёлын үнэт дурсгалууд "Исламын улс" бүлэглэлийн гарт хэрхэн сүйдсэнийг харуулах гэрэл зургууд олон улсын хэвлэлүүдээр гарсаар байна.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлтэй байдаг эртний Пальмира хотод манай эриний 1, 2 дугаар зуунд грек, ромын уран барилгын хэв маягт нутгийн уламжлал, Персийн соёлын нөлөөг шингээж бүтээсэн урлаг, архитекторын ховор өв дурсгалууд байдаг юм. "Исламын улс" алан хядагч бүлэглэл өнгөрсөн оны тавдугаар сард Пальмира хотын туурийг залгаа орших хоттой нь эзлэн авсан. Үүнийхээ дараа тус бүлэглэл 2000 жилийн настай хоёр сүм, мөн “Ялалтын нуман хаалга”, бунхнууд зэрэг эртний соёл иргэншлийн түүхэн баримт болсон үнэт өв, дурсгалыг сүйтгэсэн гэдгээ олон улсад зарлаж байсан юм.

Мөн тус бүлэглэл шашны ариун өвд хамаарахгүй гэдэг шалтгаанаар өмнө нь Сиритэй хил залгаа Ирак улсад ч исламын шашин үүсэхээс өмнөх үеийн алдартай түүхэн дурсгалт газруудыг нураасан. Харин Сирийн эртний хотод учруулсан хор хохирол өмнө нь тооцоолж байснаас харьцангуй бага байгааг мэргэжилтнүүд мэдээлж байна. Тун удахгүй шинжээчид Пальмира хотод учирсан хохирлын нарийвчилсан үнэлгээг хийж, тус үнэлгээнд суурилан хотыг нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулахаар болжээ.

Пальмира хотыг чөлөөлсөн нь "Исламын улс" бүлэглэлийн эсрэг тэмцэлд чухал ахиц дэвшил авчирсныг Сирийн Ерөнхийлөгч Башар Асад онцолж байна. Тэрээр мөн ОХУ-ын дэмжлэггүйгээр энэ ажиллагаа амжилттай өндөрлөх боломжгүй байсныг цохон тэмдэглэжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Эртний түүхт Пальмира хотод бага хохирол учирчээ  
Үзсэн: 512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй