
Өндөр зэрэглэлийн дарс үйлдвэрлэдгээрээ олон улсад нэртэй Франц болон Өмнөд Африкийн орнуудынхтай яг адил усан үзмийн талбай Мьянмарын Шан мужид байдаг нь олон улсын анхааралд өртөж эхэлсэн байна. Мьянмартаа ганц энэхүү усан үзмийн талбайн ургацаар сайн амт чанар бүхий дарс үйлдвэрлэж байгаа тухай "Ассошиэйтед Пресс" мэдээллээ.
Мьянмарт зонхилдог тропикийн халуун уур амьсгал усан үзэм тариалахад төдийлөн тохиромжтой биш гэж мэргэжилтнүүд үздэг байна. Гэвч Германы иргэн, шинийг санаачлагч Берт Морсбах боломжгүйг бүтээж, Мьянмарт усан үзмийн талбай байгуулахаар зориг шулууджээ. Тэрээр Мьянмарт жилийн 150 гаруй хоногт тэнгэр цэлмэг, нартай байдгийг харгалзан үзвэл усан үзмийн тариалан эрхлэх боломж бий гэж итгэн, мөрөөдлөө ажил хэрэг болгохын тулд тууштай зүтгэж эхэлсэн. Берт Морсбах Европ тивээс Мьянмарт усан үзмийн 3 мянган мод авчран, дарс үйлдвэрлэх салбарт арвин их туршлагатай нутаг нэгт мэргэжилтэн Ханс Эдуард Лайандекерийн тусламжтайгаар Мьянмарын анхны усан үзмийн талбайг байгуулжээ.
Тэдний хичээл зүтгэлийн дүнд далайн түвшнээс 1300 метрийн өндөрлөгт орших Мьянмарын Шан мужийн 8 га талбайд усан үзмийн модод ургаж, үр жимсээ өгч эхэлсэн байна. Улмаар Берт Морсбах 2004 онд тус талбайн усан үзмээр хийсэн дарсаа анх удаа олон нийтэд танилцуулжээ. Анх тааруухан байсан Аятая дарсны амт чанар жил ирэх бүр сайжирсаар өнгөрсөн 12 жилийн дотор Мьянмар улсын дотоодын зах зээлд гүйлгээ нь нэмэгдэж, байнгын хэрэглэгчидтэй болсон аж.
Эдүгээ Берт Морсбахын үйлдвэр жилд 150 мянган шил дарс үйлдвэрлэж байна. Энэ нь 2004 онд түүний дарс үйлдвэрлэл гараагаа эхлэх үеийнхээс даруй 7 дахин их үзүүлэлт юм. Дарсны мэргэжилтнүүдийн ч таашаалд нийцэж эхэлсэн тус компани цаашид нэрийн дарсаа Хятадын зах зээлд худалдаалах зорилт тавин ажиллаж байна.
Мьянмарт тариалсан усан үзмээр дарс үйлдвэрлэж байна | ||
Үзсэн: 593 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.