
Саудын Араб улсын санаачилгаар байгуулагдсан терроризм болон шашны хэт даврагчдын эсрэг исламын шашинт орнуудын цэргийн эвсэл өчигдөр анхны уулзалтаа зохион байгууллаа. Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо болсон энэ уулзалтад тус цэргийн эвслийн гишүүн 34 орноос гадна гишүүн бус 5 орны цэргийн өндөр дээд тушаалтнууд оролцжээ.
Уулзалтын эхэнд Саудын Араб өөрсдийнх нь санаачилсан энэхүү эвсэл хэт даврагчид болон алан хядагчдын эсрэг тэмцлийг хязгаарлахгүй, харин нэгдсэн зохион байгуулалтад оруулах гол зорилготойг онцлон мэдэгдлээ. Уулзалтад оролцсон гишүүн орнуудын төлөөлөгчид эвслийн хүрээнд батлагдсан холбогдох хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх арга алхмыг авна гэдгээ нэгэн дуугаар амласан болохыг тэрээр мөн тэмдэглэсэн байна.
Өчигдөр уулзалтын үеэр 39 орны төлөөлөгчид терроризмтой тэмцэхэд үзэл суртлын, санхүүгийн, цэргийн болон хэвлэл мэдээллийн арга хэрэгслийг голлон ашиглахаар хэлэлцэж, мөн эвслийн гишүүн орнууд терроризмын эсрэг явуулж байгаа үйл ажиллагааг нэгдсэн уялдаа, зохицуулалтаар хангах төв байгуулахаар тохиролцжээ. Терроризмын эсрэг исламын шашинт орнуудын цэргийн эвсэлд нэгдэн орох сонирхлоо зарим орон илэрхийлсэн нь алан хядагчдын эсрэг улс орнууд эв санаагаа нэгтгэн тэмцэх хүсэлтэй байгааг нотлон харууллаа гэж Саудын Арабын тал үзэж байна.
Саудын Арабын тэргүүлсэн тус цэргийн эвсэл олон улсын гэрээ хэлэлцээр, хууль тогтоомжийг хүндэтгэн, гишүүн орон нь өөрөө хүсэлт гаргаагүй нөхцөлд нутаг дэвсгэрт нь цэрэг оруулахгүй гэдгээ мэдэгдсэн. Тус цэргийн эвслийн үйл ажиллагааны хүрээнд цаашид хэт даврагч бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж магадгүй ч одоогийн байдлаар энэ тухай ямар нэг төлөвлөгөө гараагүй байгаа юм.
Исламын шашинт орнуудын цэргийн эвслийн анхны уулзалт боллоо | ||
Үзсэн: 1535 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.