
Ням гарагт Пакистаны Лахор хотод гарсан террорист халдлагатай холбогдуулан тус улсын эрх баригчид исламын шашны хэт даврагчдын эсрэг хагас цэрэгжүүлсэн хүчнийхнийг оролцуулсан тусгай ажиллагаа эхлүүлэхээр болжээ. Энэ тухай шийдвэрийг албан ёсоор зарлаагүй байгаа ч Пакистаны аюулгүйн алба болон Засгийн газрын баттай эх сурвалжууд мэдээлснийг "Ройтерс" агентлаг уламжилж байна.
Лахор хотын цэцэрлэгт хүрээлэнд гарсан халдлагад амь үрэгдсэн хүний тоо одоогоор 70-д хүрсэн мэдээтэй байна. Эдгээрийн дунд улаан өндөгний баяраа тэмдэглэн, цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлийнхээ хамтаар зугаалж явсан 29 хүүхэд байгаа юм. Та бүхэнд эргэн сануулахад, хоёр хоногийн өмнө Лахор хотын христийн шашинтнууд улаан өндөгний баяраа тэмдэглэж, өөрсдийн очих дуртай амралт зугаалгын бүс болох цэцэрлэгт хүрээлэнд олноор хуран цугласан үеэр амиа золиослогч этгээд хүрээлэнгийн төв хаалганы ойролцоо тэсрэх бөмбөг дэлбэлсэн юм.
Халдлагын хариуцлагыг исламын шашны хэт даврагч Талибан бүлэглэлийн салбар болох Жамаат-уль-Ахрар бүлэг өөртөө хүлээгээд байна. Исламын улс алан хядагч бүлэглэлд үнэнч гэдгээ зарласан Жамаат-уль-Ахрар бүлэг өнгөрсөн 12 дугаар сараас хойш ийнхүү 5 дахь удаагаа халдлага үйлдсэнээр Пакистан дахь исламын хэт даврагч бүлэглэлүүдийн дунд нэр нөлөөгөө өсгөхийг чармайж байна гэж ажиглагчид дүгнэж байна.
Тус бүлэглэл энэ удаагийн халдлагыг христийн шашинтнуудын эсрэг үйлдсэн гэж мэдэгдсэн юм. Пакистан улсын хүн амын 95 гаруй хувь нь исламын шашинтнууд боловч христийн шашинтай 2 сая гаруй хүн мөн тус улсад амьдардаг.
Ромын хамба Франциск Лахор хотод гарсан халдлагыг зэмлэн буруушаагаад, улс орныхоо шашны цөөнхийг хамгаалах дорвитой арга хэмжээ авахыг Пакистаны Засгийн газраас шаардсан байна.
Пакистаны Лахор хотод гарсан халдлагад амь үрэгдэгчийн тоо 70-д хүрчээ | ||
Үзсэн: 500 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.