
2018 оноос эхлэн Европын холбоонд шинэ авто машин бүрийг ослын үед түргэн тусламж дуудах автомат дуулагын системээр тоноглох журам үйлчлэхээр болсон байна. И-Калл нэртэй автомат дуудлагын энэ систем нь авто машинд суурилуулсан мэдрэгч төхөөрөмжийн тусламжтайгаар ослын үед идэвхжиж, авто машины байршил, ослын цаг, явсан чиглэл, мөн тухайн авто машинд сууж яваа зорчигчийн тоо зэргийг холбогдох албаныханд мэдээлдэг юм.
2011 онд Европын холбооны нутаг дэвсгэрт зам тээврийн ослоор 30 мянга гаруй хүн нас барсан гэх Европын комиссын тооцоо бий. Мөн үүнээс 4 дахин олон хүн ослын улмаас насан туршдаа эдгэшгүй бэртэл гэмтэл авч, хөгжлийн бэрхшээлтэй болсон гэх тооцоог тус комисс гаргасан байна.
Иймээс зам тээврийн осолд орсон хүмүүст түргэн тусламж яаралтай хүрэх боломжийг сайжруулж, улмаар хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учрахаас сэргийлэхийн тулд Европын холбоо шинэ журмаа танилцуулж байгаа юм. 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн үйлчлэх энэ журмын дагуу Европын холбоонд худалдаалагдаж байгаа шинэ авто машин бүр ослын үед түргэн тусламж дуудах “и-Калл” автомат дуудлагын системээр тоноглогдсон байх ёстой болж байна.
Европын холбооны гишүүн Словени улс “и-Калл” системийг аль хэдийнэ ашиглаж эхэлсэн орнуудын нэг юм. Словенийн холбогдох албаныхны тайлбарласнаар “и-Калл” систем авто машины хурдад гарсан өөрчлөлт, аюулгүйн дэр хийлэгдсэн эсэх дээр тулгуурлан авто машин зам тээврийн осолд орсон эсэхэд дүн шинжилгээ хийж, ослын талаарх мэдээллийг илгээдэг байна.
Жолооч болон зорчигчид ухаан алдсан, дуудлага хийх боломжгүй, мөн ослыг харсан гэрч байхгүй зэрэг тохиолдолд “и-Калл” систем хүний амь аврах чухал хэрэгсэл болж байгаа юм. Европын холбоонд худалдаалагдах шинэ авто машин бүрт “и-Калл” системийг суурилуулснаар нэг жилд зам тээврийн осолд орсон 2000 хүний амийг аврах боломжтой гэж тооцоолж байна.
Шинэ авто машин бүрийг ослын үед түргэн тусламж дуудах автомат системээр тоноглоно | ||
Үзсэн: 623 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.