Шууд Chart

Брюсселийн халдлагын гол сэжигтнийг суллав

2016-03-29 12:27:29

Бельгийн нийслэл Брюссель хотноо өнгөрсөн 7 хоногт гарсан террорист халдлагатай холбогдуулан тус улсын цагдаа нар энэ сарын 24-нд Фейсал Шеффу гэх этгээдийг баривчилсан. Улмаар тус этгээдэд алан хядагч бүлэглэлийн үйл ажиллагаанд оролцсон, террорист халдлагаар хүн амины хэрэг үйлдсэн болон хүн амины хэрэг үйлдэхээр завдсан зэрэг ял тулгаад байсан юм.

Гэвч эд мөрийн баримт, нотолгоо хангалтгүй гэх үндэслэлээр Бельгийн цагдаа нар Фейсалыг өчигдөр сулласан байна. Орон нутгийн хэвлэлүүд Брюсселийн халдлагад оролцсон байж болзошгүй цор ганц сэжигтэн болох энэ этгээдийн бүтэн нэрийг Фейсал Шеффу хэмээн мэдээлж байна. Фейсал нь Брюсселийн Завентем нисэх буудлын ажиглалтын камерын дүрс бичлэгт амиа золиослогчидтой хамт яваа нь бичигдэж үлдсэн цагаан хүрэмтэй эрэгтэй байж магадгүй гэх таамгийг хэвлэлүүд дэвшүүлж байгаа юм.

Өнгөрсөн 7 хоногийн мягмар гарагт Брюссель хотын Завентем нисэх буудал болон Малбек метроны буудалд амиа золиослогч 3 этгээд халдлага үйлдсэний улмаас 35 хүн амь үрэгдэж, 300 гаруй хүн гэмтэж шархадсан. Амь үрэгдсэн хүмүүсийн дотор АНУ, Нидерланд, Швед, Герман, Франц, Их Британи, Итанли, Хятад зэрэг орны 12 иргэн байсан тухай Бельгийн холбогдох албаныхан өчигдөр мэдээллээ.

Амь үрэгдсэн 7 хүний хэн болохыг албаныхан одоог хүртэл тодруулж чадаагүй байна. Брюссель хотноо оршдог Европын холбооны төв байр улаан өндөгний баярын амралтын дараа өнөөдрөөс эргэн хэвийн горимоор ажиллаж эхэллээ.

Өнгөрсөн 7 хоногийн халдлагатай холбогдуулан Европын холбоо төв байрандаа аюулгүй байдлын нэмэлт хамгаалалт байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Брюсселийн халдлагын гол сэжигтнийг суллав   
Үзсэн: 550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй