Шууд Chart

Фидель Кастро Куба улсад их гүрний бэлэг хэрэггүй гэв

2016-03-29 12:32:41

Кубын төрийн мэдлийн сонин болох "Гранма"-гийн ням гарагийн дугаарт АНУ-ын Ерөнхийлөгч Обамагийн Куба дахь айлчлалын тухай Фидель Кастрогийн бичсэн нийтлэл гарчээ. Нийтлэлд АНУ-ын Ерөнхийлөгчийн хийсэн түүхэн айлчлалын тухай байр сууриа Кубын удирдагч асан Фидель Кастро илэрхийлсэн байна.

Барак Обама Кубад хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын ард түмэнд хандан үг хэлж, энэ үгийг нь Кубын төрийн мэдлийн төв телевиз улс орон даяараа шууд дамжуулсан юм. Энэ үгийг Фидель Кастро хэт нялуун байсан гэж шүүмжлээд, дайсагнасан харилцаагаа өнгөрсөн үед үлдээж, АНУ-Кубын харилцаанд түүхийн шинэ хуудсыг нээе гэх уриалгад нь итгэл үзүүлэхгүй гэдгээ өөрийн нийтлэлд бичжээ.

Куба улс АНУ-ын дэмжлэггүй өөрийн хүчээр хөгжин цэцэглэх чадавхтай гэж Фидель Кастро үзэж байна. Энэ бодлоо тэрээр “Их гүрний өгсөн бэлэг бидэнд хэрэггүй” гэх хатуу боловч эрс шулуун үгээрээ илэрхийлсэн байна. 30 гаруй жил Кубыг удирдсан Фидель Кастро АНУ өнгөрсөн үед Кубын эсрэг түрэмгийлэл үйлдэж байсныг ард түмэндээ сануулж, эдүгээ үзүүлж буй найрсаг занд нь сэрэмж болгоомжтой хандахыг анхааруулсан байна.

Мөн АНУ, Кубатай харилцаагаа сайжруулах олон арга алхам хэрэгжүүлж байгаа гэж тайлбарлаж буй ч, Кубын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ өнөөг хүртэл цуцлаагүйг онцолжээ. Фидель Кастро энэ нийтлэлээрээ Обамагийн Кубад хийсэн гурван өдрийн түүхэн айлчлалын тухай өөрийн байр сууриа анх удаа илэрхийлж байна. 2006 онд өвчний улмаас ажил үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрсэн Фидель Кастро 2008 онд өөрийн дүү Рауль Кастрод Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ албан ёсоор хүлээлгэн өгсөн. Гэсэн хэдий ч Куба улсын дотоод болон гадаад бодлогод тэрээр өнөөг хүртэл нөлөө бүхий хүн хэвээр байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Фидель Кастро Куба улсад их гүрний бэлэг хэрэггүй гэв  
Үзсэн: 539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй