Шууд Chart

Серби улсад НАТО-гийн эсрэг жагсаал зохион байгууллаа

2016-03-29 12:38:52

Серби улс Умард Атлантын эвсэл НАТО-д ойртон дотносож байгааг эсэргүүцэгчид нийслэл Белград хотдоо өргөн хүрээтэй жагсаал зохион байгуулсан байна. Сербийн эх оронч нам, хөдөлгөөнийхний зохион байгуулсан энэ жагсаалд 20 гаруй мянган хүн оролцжээ.

Тэд НАТО-той хамтрах эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахыг шаардаж байлаа. Мөн эсэргүүцлийн хөдөлгөөн, шаардлагыг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гаргахгүй хорьж байгааг ч эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.

Жагсагчид НАТО-г эзлэн түрэмгийлэгчид гэж үзэж байгаагаа харуулах, мөн Серби улс колони биш гэдгийг анхааруулахыг жагсаалынхаа гол зорилго болгожээ. Өнгөрсөн сарын 19-нд Сербийн Ерөнхийлөгч Томислав Николиыч Серби НАТО-гийн гэрээг баталсан хуульд гарын үсгээ зурсан юм.

Энэ гэрээгээр Сербийн нутаг дэвсгэр дэх НАТО-гийн бүх төлөөлөгчдөд дипломат дархан эрх олгож, чөлөөтэй зорчих боломж олгожээ. Тус улсын Ерөнхий сайд Вучич Серби улс НАТО-д элсэх төлөвлөгөөгүй гэдгээ мэдэгдэж байсан ч эсэргүүцлийн хөдөлгөөн дан ганц нийслэлд төдийгүй бусад хотуудад ч өрнөж эхэлсэн юм.

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид мөн 17 жилийн өмнөх НАТО-гийн бөмбөгдөлтийг мартаагүй байгаагаа сануулж байна. НАТО-гийн хүчин 1999 оны гуравдугаар сарын 24-нөөс зургаадугаар сарын 10-ныг хүртэл Югославын Холбооны бүгд найрамдах улсуудыг агаараас бөмбөгдсөн юм.

Холбооны хүч нэртэй энэ ажиллагааг Косово Метохи дахь автономит хязгаарын нутаг дэвсгэрт Югославын цэргүүд орж, тэнд үндэсний цөөнхүүдийн цэвэрлэгээ хийж эхэлснээс үүдэлтэй гэж тайлбарлаж байсан. Нийт 2500 хүн, түүний дотор 400 хүүхэд энэ бөмбөгдөлтөөс болж амиа алдаж, 10 мянган хүн гэмтэж шархадсан бол 821 хүн сураггүй болсноос ихэнх нь Сербийн иргэн байсан байна.

Тиймээс Сербийн иргэдийн олонх нь цагтаа нутаг дэвсгэрийг нь бөмбөгдөж явсан эвсэлтэй нэгдэж нягтрахыг ийнхүү эсэргүүцэж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Серби улсад НАТО-гийн эсрэг жагсаал зохион байгууллаа   
Үзсэн: 1115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2016-03-29 13:17
Нато бол түрэмгий, алан хядагч эвсэл

Бидэнтэй нэгдээрэй