
Дэлхийн 2 тэрбум хүн хоол хүнсэндээ шавж хэрэглэдэг гэх НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тооцоо бий. Тэгвэл Камбожийн Сием Рип хотод шавжийг хоол хүнсэндээ хэрэглэх зан заншлыг олон улсад сурталчлах зорилготой Франц ресторан үүд хаалгаа нээжээ.
Энэ ресторанд Франц, Камбож хоол хийх уламжлалт аргуудыг ашиглан, хүрэлзгэнэ, царцаа, зөгий, шоргоолж, хүр хорхой болон аалзаар олон нэр төрлийн хоол хийдэг байна. Камбожид олон жил үргэлжилсэн иргэний дайны үед гэр орноосоо дайжсан дүрвэгчид өлбөрч үхэхгүйн тулд шавж идэж байсан түүхтэй.
Тухайн цаг үеэс хойш Камбожийн олон иргэн шавжийн амтанд дурлан, хоол хүнсэндээ хэрэглэх болсон байна. Мөн нутгийн зарим ядуу буурай иргэн ойгоос шавж түүн худалдаалж, амьдралаа залгуулах болжээ. Сием Рип хотод өнгөрсөн онд нээгдсэн “Шавжны ресторан” нутгийн иргэдээс боломжийн үнэ төлж, шавж худалдан авдаг байна.
Тус ресторан олон угсаатан соёлд хэвийн үзэгдэлд тооцогддог шавж идэх зан заншлыг олон улсад сурталчлан таниулах, үүгээрээ НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын уриалгыг ажил хэрэг болгоход туслалцаа үзүүлэхийг зорьж байна. 2050 он гэхэд манай гарагийн хүн амын тоо 9 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа юм. 9 тэрбум хүний хүнс тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахын тулд хүнсний үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага олон улсад тулгарч байна.
Энэ цаг үед хөдөө аж ахуй, газар тариалангаас гадна дэлхийн хүн амын хоол хүнсний хэрэгцээг хангах бас нэг чухал эх сурвалж нь идэж болдог шавж хорхой гэж НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага үзэж байгаа юм. Тус байгууллагын мэргэжилтнүүд зарим шавжинд мал болон загасны маханд агуулагддагтай дүйцэх хэмжээний уураг, шимт бодис агуулагддагийг онцолж байна.
Хүнсэнд хэрэглэж болох 1900 орчим төрөл зүйлийн шавжийг эрдэмтэд олж тогтоосноос 1000 гаруй шавжийг зарим орон хоол хүнсэндээ хэрэглэж байгаа юм.
Камбожид "шавжны" ресторан нээгджээ | ||
Үзсэн: 694 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.