Шууд Chart

Японы үндэсний аюулгүй байдлын шинэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ

2016-03-29 15:23:41

Японы эрх баригч нам болон сөрөг хүчнийхний хооронд өрнөсөн ширүүн маргааны эцэст өнгөрсөн оны есдүгээр сард батлагдсан Японы үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль зургаан сарын дараа буюу өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. 

Тус хууль нь Японы өөрийгөө хамгаалах хүчний үүрэг оролцоог нэмэгдүүлж, холбоотон улсынхаа аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хилийн чинадад цэргийн ажиллагаа явуулах эрхийг нээж байгаа юм. Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдал хүлээснийхээ дараа Япон улсад батлагдсан үндсэн хуульд зөвхөн өөрийгөө хамгаалахаас бусад тохиолдолд цэргийн ажиллагаа явуулахыг хориглосон байсан.

Харин Японы одоогийн Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газар тус улсын ойрын холбоотон дайралтад өртсөн, энэ нь Японы оршин тогтнолд заналхийлж, ард түмэнд нь илэрхий аюул занал учруулж байгаа нөхцөлд хилийн чинадад цэргийн ажиллагаа явуулах боломжийг нээхийн тулд энэ хуулийг батлуулахаар идэвхтэй ажилласан юм. Японы Үндэсний аюулгүй байдлын шинэ хууль тогтоомжийн дагуу НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа Японы өөрийгөө хамгаалах хүчин зэвсэгт дайралтад өртсөн гадаадын цэргийн хүчинд туслалцаа үзүүлэх боломж нээгдэж байна.

Ирэх гурван сарын дотор Японы Засгийн газар тус улсын өөрийгөө хамгаалах хүчний үүрэг оролцоог өргөжүүлсэн заалтуудыг хэрэгжүүлэх шинэ журмууд гаргах юм байна. Дараа нь эдгээр журамд суурилсан цэргийн өргөн хүрээтэй бэлтгэл сургуулилтууд зохион байгуулагдах юм.

Мөн өнгөрсөн есдүгээр сард Японы аюулгүй байдлын шинэ үндсэн хууль батлагдсаныг АНУ талархан хүлээн авч, Өмнөд Хятадын тэнгист БНХАУ үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа энэ үед бүс нутгийн эх тайван, аюулгүй байдлыг хангах чухал алхам боллоо гэж сайшаасан.

Харин шинэ хуулийг эсэргүүцсэн Японы иргэд, тэр дундаа залуучууд олон улсын хямрал мөргөлдөөнд татагдан оролцолгүй, энх тайванч бодлогоо хадгалан үлдэхийг Засгийн газартаа уриалан жагсаал зохион байгуулсан юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Японы үндэсний аюулгүй байдлын шинэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ  
Үзсэн: 495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2016-03-30 09:47
японы харгис империалистууд толгойгоо өндийлгөж эхэллээ. Дэлхийн ард түмэн сэрэмжлэх хэрэгтэй. Өнгөрсөн зуунд япончуудын Монголчууд болон хүн төрөлхтөнд учруулсан гай гамшиг харгислалын уршиг одоо болтол арилаагүй байхад хүн төрөлхтөн нэгдэн нягтарч япон улсын эсрэг тэмцэх хэрэгтэй.

Бидэнтэй нэгдээрэй