
АНУ-ын Аляска муж улсад оршдог Павлов галт уул сэржээ. Өнгөрсөн ням гарагт орон нутгийн цагаар 16 цагаас эхлэн тус галт уулын тогооноос их хэмжээний утаа суунаглан, агаарт 6100 орчим метр хүртэлх өндөрт үнс цацагдаж эхэлсэн байна.
Улмаар өчигдөр өглөө Павлов галт уулын дээр хуралдсан үнсэн үүл 11 мянган метрийн өндөрт хүрч, 640 гаруй километр нутаг дэвсгэрийг бүрхсэн талаар холбогдох албаныхан мэдээлж байна. Галт уулын тогооноос цацагдсан үнс хүчтэй салхинд туугдан Аляска муж улсын төв рүү нүүжээ.
Ингэснээр мужийн баруун болон хойд хэсэг рүү агаарын тээврээр зорчих боломж хомс болсон байна. “Аляска Эйрлайнс” өчигдөр үдээс өмнө эдгээр бүс нутгийн чиглэлд үйлдэхээр төлөвлөж байсан 40 гаруй нислэгээ Павлов галт уул сэрсэнтэй холбогдуулан цуцалжээ. Галт уулын тогооноос цацагдсан үнс нисэх онгоцны хөдөлгүүрт нэвтэрвэл хөдөлгүүрийн үйл ажиллагаа зогсон, унтрах аюул нүүрлэдэгтэй энэ шийдвэр холбоотой юм.
1989 онд Аляска муж улсын Редаут галт уул сэрж, тус уулын тогооноос цацагдсан үнснээс үүдэн Нидерландын иргэний агаарын тээврийн нисэх онгоцны хөдөлгүүр унтарч, нисгэгчдийг сандаргаж байсан удаатай. 231 зорчигч тээвэрлэж явсан тус нисэх онгоц өндрөө 3 километрээр алдсаны дараа хөдөлгүүрийн үйл ажиллагаа сэргэж, нислэг хэвийн үргэлжилсэн юм.
2518 метр өндөртэй Павлов галт уул нь Аляска муж улс дахь хамгийн идэвхтэй галт уулсын нэгт зүй ёсоор тооцогддог. Тус галт уул өмнө нь 40 гаруй удаа дэлбэрч байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. АНУ-ын Геологийн судалгааны агентлаг галт уулын аюултай холбогдсон хамгийн дээд түвшний түгшүүрээ зарлаад байна.
Энэ түгшүүр нь галт уул сэрсэн, улмаар дэлбэрэх магадлалтай учраас галт уулын ойролцоох бүс нутагт зорчих, нислэг үйлдэхэд аюултай болохыг анхааруулдаг юм.
Галт уул сэрсэнтэй холбогдуулан 40 гаруй нислэг цуцлагджээ | ||
Үзсэн: 528 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.