Шууд Chart

Нисэх онгоц барьцаалахад ашигласан тэсрэх бөмбөгтэй бүс хуурамч байжээ

2016-03-31 10:50:55

Египетэд дотоодын чиглэлд нислэг үйлдэж байсан иргэний агаарын тээврийн онгоцыг барьцаалсан эрэгтэй хөлгийн багийг айлган сүрдүүлэхдээ ашиглаж байсан тэсрэх бөмбөгтэй бүс хуурамч болох нь тогтоогдсон талаар албаныхан мэдээлж байна. Лхагва гарагт “Ижипт Эйр” иргэний агаарын тээврийн компанийн “Эйрбус А320” нисэх онгоц 56 зорчигч, хөлгийн багийн зургаан гишүүн, аюулгүй байдлын нэг ажилтантайгаар Египетийн Александр хотоос Каир хотын чиглэлд нислэг үйлдэж байсан юм.

Гэвч тус онгоцонд явсан Египетийн иргэн эрэгтэй амиа золиослон халдлага үйлдэнэ гэж айлган сүрдүүлснээс нисгэгчид чиглэлээ өөрчилж, барьцаалагчийн шаардсаны дагуу Киприйн Ларнака хотын нисэх буудалд газардсан юм. Олон улсын анхаарлын төвд орсон энэ хэрэг явдал алан хядагчидтай холбоогүй, хувийн шалтгаанаас үүдсэн болохыг Киприйн Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Нисэх онгоц барьцаалсан этгээд онгоцны бүх зорчигчдыг эсэн мэнд суллан, эцэст нь өөрөө бууж өгчээ.

Түүнийг Сейф Элдин Мустафа гэдэг бөгөөд тэрээр одоо баривчлагдсан байгаа юм. Онгоц барьцаалах үедээ тэрээр сэтгэл санааны тогтворгүй байдалд байсан гэж Киприйн холбогдох албаныхан мэдээллээ Мустафа Киприйн нисэх буудалд газардсаныхаа дараа тус улсын эрх баригчдаас хуучин эхнэртэй нь яриулж өгөхийг шаардаж, улмаар цагдаа нар түүнийг ятгуулахаар эхнэрийг нь нисэх буудалд аваачсан байна. Египетийн Аялал жуулчлалын яам энэ удаагийн онгоц барьцаалсан хэрэг тус улсын нисэх буудлын хяналт шалгалт муу байсантай холбоогүйг мэдэгдэж, шалгалтын дүрс бичлэгийг цацлаа.

Өнгөрсөн оны 10 дугаар сард Шарм-эль-Шейх хотын нисэх буудлаас хөөрч, Синайн хойгт сүйрсэн ОХУ-ын нисэх онгоцонд тэсрэх бөмбөг суурилуулсан байсан нь тогтоогдсоны дараа тус улс нисэх буудлуудынхаа аюулгүй байдлын хяналт шалгалтыг сайжруулах олон арга алхам хэрэгжүүлсэн. Мөн Их Британийн компаниас жилд нэг тэрбум америк долларын төлбөртэйгөөр Каир, Шарм-эль-Шейх болон Марса Алам хотын нисэх буудлуудын аюулгүй байдлыг чангатгах асуудлаар зөвлөгөө авч байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Нисэх онгоц барьцаалахад ашигласан тэсрэх бөмбөгтэй бүс хуурамч байжээ  
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй