Шууд Chart

Японы "Хитоми" хиймэл дагуул эвдэрсэн байж магадгүй

2016-03-31 11:02:00

Японы сансар судлалын агентлаг ЖАКСА дэлхийн тойрог замд байгаа тус улсын шинэхэн хиймэл дагуулын ойролцоо өөр нэгэн биет байгааг илрүүлсэн гэдгээ мэдээллээ. ЖАКСА агентлаг өнгөрсөн хоёрдугаар сард "Хитоми" гэх хиймэл дагуулаа хөөргөж, дэлхийн тойрог замд амжилттай байршуулсан юм. Гэвч тус агентлагийнхны хиймэл дагуултай тогтоосон холбоо өнгөрсөн бямба гарагт тасарчээ.

Үүний учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ЖАКСА-гийн судлаачид Японы баруун хэсэгт оршдог Окаяама мужид байрлуулсан одон орны дурангаар ажиглалт хийх явцдаа “Хитоми” хиймэл дагуулын хажууд өөр нэг биет байгааг илрүүлсэн байна. Энэхүү биет нь хиймэл дагуулын нэг бүрдэл хэсэг байж магадгүй гэж судлаачид үзэж байна. АНУ, Японы одон орон судлаачид "Хитоми" хиймэл дагуулын харагдац хэдхэн секунд тутамд өөрчлөгдөж байгааг харуулсан дүрс бичлэг хийсэн байна. Энэ дүрс бичлэгээс үзэхэд “Хитоми” хиймэл дагуул хяналтаас гарч, хурдтайгаар эргэлдэж эхэлсэн байж магадгүй байна.

Хиймэл дагуулыг цаашид ашиглаж болохооргүй байдалд хүргэх ноцтой эвдрэл гэмтэл гарсан байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. ЖАКСА-гийн судлаачид рентген туяаны “Хитоми” хиймэл дагуулаа АНУ-ын сансар судлалын агентлаг НАСА-гийн туслалцаатайгаар 270 сая америк долларын хөрөнгөөр бүтээсэн юм. Эрдэмтэд энэ хиймэл дагуулыг ашиглан одон орны олон нууц, тэдний дотор хар нүхний хувьсал өөрчлөлтийн талаар шинэ мэдээлэл цуглуулахаар зорьж байжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Японы "Хитоми" хиймэл дагуул эвдэрсэн байж магадгүй  
Үзсэн: 505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй