Шууд Chart

Эрх баригч хамгийн том нам Засгийн газраас гарлаа

2016-03-31 11:23:27

Бразилийн эрх баригч эвслийн хамгийн том нам болох Бразилийн Ардчилсан хөдөлгөөн нам дотооддоо явуулсан санал хураалтын дүнд тус улсын Ерөнхийлөгч Дилма Руссеффийн Засгийн газраас нэн даруй гарахаар шийдвэрлэжээ. Энэ шийдвэр Дилма Руссеффийг огцруулах үйл явцыг хурдасгаж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Руссеффийн Засгийн газар нийгмийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, төсвийн цоорхойг нөхөхийн тулд төрийн банкуудын хөрөнгийг ашиглаж, санхүүгийн хариуцлагын тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр тус улсын сөрөг хүчнийхэн Дилма Руссефийн эсрэг импичмент үүсгээд байгаа юм.

Энэ тухай дуулсан Бразилийн Ерөнхийлөгч энэ 7 хоногт АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдах Цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний чуулга уулзалтад оролцох төлөвлөгөөгөө цуцалсан байна. Өчигдөр Бразилийн Ардчилсан хөдөлгөөн намын удирдах зөвлөлийн уулзалтаас гарсан шийдвэрээр, Руссеффийн Засгийн газарт ажиллаж байгаа тус намын 6 сайд, мөн холбооны Засгийн газарт ажиллаж байгаа 600 гаруй гишүүн нь нэн даруй албан тушаалаасаа огцрох, эсвэл ёс зүйн хороогоор орох гэсэн хоёр сонголттой нүүр тулж байна. Энэ шийдвэрээс нэг хоногийн өмнө буюу өнгөрсөн даваа гарагт Бразилийн аялал жуулчлалын сайд үүрэгт ажлаасаа огцорсон юм.

Ингэснээр тус улсын  Конгресс Дилма Руссеффийг Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс нь түр түдгэлзүүлэх шийдвэрийг илүү ойрын хугацаанд буюу ирэх тавдугаар сар гэхэд гаргах боломж нээгдэж байгааг "Би-Би-Си" агентлаг мэдээлж байна. Хэрэв Дилма Руссеффийг албан тушаалаас нь бүр мөсөн огцруулахаар шийдвэрлэвэл Бразилийн ардчилсан холбоо намын дарга, одоо тус улсын дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа Мишель Темер Руссеффийн халааг авч, Бразилийн Ерөнхийлөгч болох юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Эрх баригч хамгийн том нам Засгийн газраас гарлаа  
Үзсэн: 488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй