Шууд Chart

ДЭМБ эбола вирусын халдвартай холбогдсон онц байдлаа цуцаллаа

2016-03-31 11:32:20

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Баруун Африкийн бүс нутагт дэгдсэн эбола вирусын халдвартай холбогдуулан 2014 оны наймдугаар сард олон улсын хэмжээнд зарласан онц байдлаа өчигдөр цуцалсан байна. Эболагийн асуудлаарх онц байдлын хорооны уулзалт өчигдөр болж, тус уулзалтаас гарсан зөвлөмжид үндэслэн онц байдлыг цуцлах шийдвэр гарчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Маргарет Чан энэ талаар сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Маргарет Чаны хэлснээр Гвиней, Либери, Сьерра Леон зэрэг улсад аялал жуулчлал, худалдааны салбарт тогтоосон хязгаарлалтуудыг мөн үүнтэй холбогдуулан нэн даруй цуцлахаар болсон байна. Цаашид эбола вирусын халдвар дахин дэгдэхээс сэргийлэхийн тулд олон улсын хамтын ажиллагаа, тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сануулж байна.

2013 оны 12 дугаар сараас эхлэн эбола вирусын халдвар Баруун Африкийн бүс нутаг, тэр дундаа тус бүсийн 3 оронд хурдацтайгаар тархсан юм. Үүнээс үүдэлтэйгээр дэлхийн хэмжээнд 11 мянга гаруй хүн эбола вирусын халдварын улмаас нас барсан гэх тооцоог судлаачид гаргасан байна. Либери, Сьерра Леонд тодорхой хугацааны турш, харин Гвинейн хувьд 4 сар гаруйн хугацаанд эбола вирусын халдвар авсан шинэ тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

ДЭМБ эбола вирусын халдвартай холбогдсон онц байдлаа цуцаллаа  
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй