
Мьянмар улсын шинэ Ерөнхийлөгч Тхин Чжо өчигдөр тангараг өргөж, бүрэн эрхээ хүлээн авлаа. Ингэснээр цэргийн эрх мэдэлтнүүд Мьянмар улсын Засгийн газрыг сүүлийн 54 жилийн турш шууд болон шууд бус байдлаар удирдаж ирсэн нь үүгээр эцэс болж байна. Тхин Чжо Мьянмарын парламентын дээд, доод танхимын хамтарсан хуралдааны үеэр хоёр дэд Ерөнхийлөгчийн хамтаар тангараг өргөх ёслолд оролцсон байна.
Аун Сан Су Чигийн тэргүүлдэг Ардчиллын төлөөх үндэсний лиг намаас Ерөнхийлөгчийн суудлын төлөө нэр дэвшсэн Тхин Чжо нь их сургуулийн профессор, зохиолч, ардчилсан хүчний удирдагч, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чигийн хамтран зүтгэгч дотны анд нь юм. Тхин Чжо 1962 оны цэргийн эргэлтээс хойш төрийн тэргүүний бүрэн эрхийг хүлээн авч байгаа иргэний нийгмийн анхны төлөөлөл болж байна.
Мьянмар улсад Ерөнхийлөгчийг бүх нийтийн сонгуулиар бус, харин парламентын дээд, доод танхим болон цэргийн эрхтнүүдийн тус бүр шалгаруулсан гурван нэр дэвшигчээс парламентын гишүүд дунд санал хураалт явуулан сонгодог онцлогтой. Харин Тхин Чжо парламентын 360 гишүүний саналыг авч, Мьянмарын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Хүүхдүүд нь Британийн иргэншилтэйгээс үүдэн Мьянмар улсын үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүний суудлын төлөөх өрсөлдөөнд орж чаддаггүй ардчилсан хүчний удирдагч Аун Сан Су Чи ийнхүү Тхин Чжогоор дамжуулан улс орныг удирдах боломжтой болж байна гэж шинжээчид тэмдэглэж байна.
Мьянмарын шинэ Ерөнхийлөгч тангараг өргөлөө | ||
Үзсэн: 486 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.