Шууд Chart

АНУ албан хаагчдынхаа гэр бүлийг Туркийн зарим хотоос гаргаж эхэллээ

2016-03-31 14:33:21

АНУ өөрийн цэрэг, батлан хамгаалахын салбарын албан хаагчдын гэр бүл болон дипломатчдад Турк улсын зарим бүс нутгаас гарах тушаал өгч, энэ хүрээнд Туркийн Адана, Измир, Мугла зэрэг хотод үүрэг гүйцэтгэж байгаа АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүний гэр бүлийг тухайн бүс нутгаас гаргаж эхэлжээ. АНУ-ын Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүн, ажилчид, тэдний гэр бүлд учирч болзошгүй аюул заналаас урьдчилан сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан гэж тус улсын холбогдох албаныхан тайлбарлаж байна.

Туркийн гол хотуудад амиа золиослогчид дараалсан халдлага үйлдэж, эдгээр халдлагын хариуд Туркийн Засгийн газар нутаг дэвсгэрийнхээ зүүн хэсэгт Курдын зэвсэгт босогчидтой ширүүн тэмцэл өрнүүлж байгаа үетэй АНУ-ын энэ шийдвэр давхцаж байна. Мөн АНУ-ын Төрийн департамент Туркийн зүүн өмнөд бүс нутагт аялж жуулчлахгүй байхыг өөрийн орны иргэдэд сэрэмжлүүлсэн байна. Пентагоны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр эдгээр шийдвэр нь тодорхой аюул заналтай холбоотой гэхээсээ илүү тухайн бүс нутагт өрнөж байгаа үйл явдлууд дээр үндэслэсэн ерөнхий шийдвэр гэх тайлбарыг өгчээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ 7 хоногт Цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцохоор АНУ-ын нийслэл Вашингтон хотод очиж байгаа. Гэхдээ Умард Атлантын цэргийн эвсэл НАТО-гийн гишүүн орон болох Турк, тус улсыг гол холбоотнуудынхаа нэг гэж үздэг АНУ хоёр орны харилцаа урьд өмнө нь ийм тааруу түвшинд хүрч байсан удаа цөөн болохыг "Би-Би-Си" агентлаг онцолж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ албан хаагчдынхаа гэр бүлийг Туркийн зарим хотоос гаргаж эхэллээ  
Үзсэн: 1419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй