
Манай улсын тэмдэглэдэг “Дэлхийн эмч нарын өдөр” АНУ-ын үндэсний эмч нарын өдрөөс улбаатай. Эмч нарын 65 орчим хувь нь илүү цагаар ажилладаг гэх тооцоо бий. Зарим эмч 7 хоногт 60 хүртэлх цаг, өөрөөр хэлбэл, ажлын өдөр бүртээ 12 цагийг ажилдаа зориулдаг байна. Ийнхүү нойр, хоолоо умартан ажлынхаа төлөө зүтгэдэг эмч нөхрөө хараад, Евдора Алмонд гэх америк эмэгтэй эмч нарт зориулсан өдөр гаргах санааг анх сэджээ. Ингэхдээ мэс засалд анх удаа мэдээ алдуулагч хэрэглэсэн 1842 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг эмч нарын гавьяа бүтээлийг дурсах хамгийн тохиромжтой өдөр гэж Евдора үзсэн байна.
Евдора Алмондын энэ санаачилгын дагуу 1933 онд буюу одоогоос 83 жилийн тэртээ АНУ-ын Жоржиа мужийн Уиндер хотод эмч нарын өдрийг анх тэмдэглэн өнгөрүүлж байсан бол 1990 онд АНУ-ын конгрессийн дээд, доод танхимын хамтран боловсруулсан 366-р тогтоолоор эмч нарын өдөр АНУ-ын үндэсний баярын өдөр болжээ. 2016 оны нэгдүгээр сарын байдлаар АНУ-д мэргэжлээрээ ажиллаж байгаа 905 мянга гаруй эмч байна. Эдгээрийн доторх нарийн мэргэшсэн эмч нараас сэтгэл зүй болон мэс заслын чиглэлээр мэргэшсэн эмч хамгийн олон байгаа юм. Бас нэг сонирхолтой баримт дурдахад, АНУ-ын мэргэжлээрээ ажиллаж байгаа 4 эмч тутмын нэг нь гадаад оронд мэргэжил эзэмшсэн байдаг аж.
Бусад орнуудаас Куба, Аргентин болон Испани хэлт зарим орон “Эмч нарын өдөр”-өө 12 дугаар сарын 3-нд тэмдэглэдэг. Өнгөрсөн 18, 19 дугаар зууны үед хамгийн аюултай халдварт өвчинд тооцогдон, шар тахал гэх нэр ч авч байсан шар чичрэг өвчний халдварыг шумуул тээдэг болохыг тогтоосон Кубын эмч Карлос Хуан Финлей энэ өдөр мэндэлсэн. Канадын Онтарио муж улсынхаа анхны эмч эмэгтэй Эмили Стөүиний мэндэлсэн тавдугаар сарын 1-ний өдрийг “Эмч нарын өдөр” болгосон бол Энэтхэгт түүхэн дэх хамгийн нэр хүндтэй эмч нарын нэг, соён гэгээрүүлэгч, хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэгч Бидан Чандра Рой-н мэндэлсэн болон нас барсан өдрийн дурсгалд зориулан долоодугаар сарын 1-нд эмч нарын баяраа тэмдэглэдэг юм.
АНУ-д эмч нарын өдрийг 1933 оноос тэмдэглэж эхэлсэн түүхтэй | ||
Үзсэн: 951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.