
АНУ-ын нийслэл Вашингтон хотноо өнөөдөр эхлэх Цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцохоор дэлхийн 50 гаруй улс орны удирдагчид тус улсад хүрэлцэн очоод байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү уулзалттай холбогдуулан Вашингтон хот, тэр дундаа уулзалтыг зохион байгуулах өргөн чөлөөний аюулгүй байдлыг эрс чангатгаад байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан Цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний чуулга уулзалт энэ онд 4 дэх удаагаа болж байна. Террорист халдлага ойрын саруудад шил дараалан гарч байгаа.
Үүнтэй холбогдуулан энэ удаагийн уулзалтаар цөмийн материалыг алан хядах ажиллагаанд ашиглахаас сэргийлэх асуудлыг нэн тэргүүнд хэлэлцэх болов уу гэж ажиглагчид үзэж байна. Цөмийн бөмбөг хийхэд ашиглаж болзошгүй плутоний, баяжуулсан ураны нөөцийн хэмжээг бууруулах, хадгалах газруудын аюулгүй байдлыг чангатгах талаар олон улс анхаарах болсон ч дэлхийн цөмийн материалын дийлэнх нь хулгайд алдагдах эрсдэл өндөртэй хэвээр байгаа юм. Энэ удаагийн уулзалтад цөмийн зэвсэг эзэмшигч гол гүрний нэг болох ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцохгүй байхаар шийдсэн нь уулзалтаас дорвитой үр дүн гарах эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
Дэлхийн нийт цөмийн зэвсгийн 90 гаруй хувийг дангаар эзэмшдэг АНУ, ОХУ хоёр орон цөмийн зэвсэглэлээ хорогдуулах тухай дахин хэлэлцээ хийх хэрэгтэй гэх байр сууриа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өмнө нь илэрхийлж байсан юм. Гэвч дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлыг тогтоход хамтын ажиллагаа дулимаг байсан учраас ОХУ-ын Ерөнхийлөгч энэ удаагийн уулзалтад оролцохгүй байхаар шийдвэрлэснийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгдсэн. Үүний хариуд Цагаан ордон цөмийн асуудлаар хамтран ажиллах сайхан боломжоо алдаж байгааг Оросын талд сануулаад, энэ удаагийн шийдвэрээрээ Орос олон улсын тавцанд улам бүр ганцаардаж байна гэдгээ харууллаа гэж мэдэгдсэн байна.
Цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлнэ | ||
Үзсэн: 500 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.