Шууд Chart

АСЕМ-д зориулж агаарын хөлгийн 9 зогсоол шинээр барьжээ

2016-04-01 08:59:37

АСЕМ-д оролцох зочдыг хүлээн авах, нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах төлөвлөгөө, зочдыг хүлээн авах, аюулгүй байдлыг хангах, зохион байгуулах ажлын төлөвлөгөөг ИНЕГ-аас баталжээ. Уг төлөвлөгөөний хэрэгжилт өнөөдрийн байдлаар 74 хувьтай байгааг албаны хүмүүс мэдээллийн эхэнд онцоллоо.

Эдгээр ажлын хүрээнд нисэх буудлын хөөрч, буух хатуу хучилттай зурвасын хүчитгэлийн 500 метрийн өргөтгөл болон перроны өргөтгөлийн ажлыг хийж дуусгасан байна.

АСЕМ-ын зочдыг хүлээж авахад зориулж 4C ангиллын 9 онгоцны зогсоол нэмж барьсан, ингэснээр олон улсын онгоцны буудал 34 зогсоолтой болжээ. Цагт 1200 зорчигч хүлээж авах хүчин чадалтай дамжин өнгөрөх танхимыг шинээр байгуулж, бизнесийн, тээшний, явагчийн танхим болон онгоц руу орох хүзүүвч хоолойнд засвар, тохижилт хийж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 20-нд бүрэн дуусна гэж “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирал Б.Бадрал мэдээллээ.

1 zurag

АСЕМ-ын уулзалтын үеэр төлөөлөгчдийн агаарын хөлгийг цэнэглэхэд 1100 тонн түлш шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Одоогоор “Чингис хаан” нисэх буудалд хоёр хувийн компани онгоцны түлш цэнэглэлтийг хариуцан ажилладаг бөгөөд эдгээр компанийн нэг нь л 2000 тонн түлш нөөцлөх савтай. Иймээс зочдын онгоц түлшээр тасалдана гэж айлтгүйг “Чингис хаан” нисэх буудлын төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн дарга М.Төгсбаяр ярилаа.

Түүнчлэн БНХАУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлэх газрын үйлчилгээний 4 төрлийн 11 тоног төхөөрөмж болон Хөшигтийн хөндийн нисэх буудлын газрын үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийг зочдын онцгой үүргийн нислэгүүдэд ашиглах аж.

Нисэх буудалд зочдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Төрийн тусгай хамгаалалт, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

АСЕМ-ын дээд түвшний уулзалт болох өдөр буюу долоодугаар сарын 15-16-нд орон нутгийн нислэгийг Налайх дүүрэгт байрлах Батлан хамгаалах яамны харьяа аэродромыг ашиглаж зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. Харин бусад үед орон нутгийн нислэг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хэвийн үргэлжлэх аж.


АСЕМ-д зориулж агаарын хөлгийн 9 зогсоол шинээр барьжээ   
Үзсэн: 1624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй