
Лхагва гарагт Оросын холбооны бүгд найрамдах 21 улсын нэг болох Дагестанд цагдаа нарын саатуулсан сэжиг бүхий авто машины жолооч тэсрэх бөмбөг дэлбэлжээ. Жолоочоос гадна, авто машины ойр байсан нэг цагдаа дэлбэрэлтэд өртөн амь үрэгдсэн талаар Оросын терроризмын эсрэг үндэсний хороо мэдээлсэн байна.
Тус хорооны цааш мэдээлснээр дэлбэрэлт Азербайжаны хилээс 25 км зайд Сыртыч тосгоны зах хэсэгт болсон байна. Цагдаа нарт саатуулагдсан авто машины жолооч зугтах боломж үлдээгүйг ойлгомогцоо авто машинд авч явсан тэсрэх бөмбөгийг дэлбэлжээ. Үүнээс нэг хоногийн өмнө буюу өнгөрсөн мягмар гарагийн шөнө Дагестаны нутаг дэвсгэрт явж байсан цагдаагийн авто машины цуваа халдлагад өртсөний улмаас нэг хүн амь үрэгдэж, дөрвөн хүн гэмтэж, шархадсан юм. Дагестаны цагдаа нарт туслалцаа үзүүлэх холбооны цагдаагийн хүчний албан хаагчдыг хүргэхээр явсан энэ цувааг отон зам дээр тэсрэх бөмбөг суурилуулсан байжээ.
Халдлагыг "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн дайчид зохион байгуулсан болохыг тус бүлэглэлтэй холбоотой Аамак мэдээллийн агентлаг мэдэгдсэн байна. Мөрдөгчид авто машины цуваа явсан зам дагуу дахин 3 тэсрэх бөмбөг суурилуулсан байсныг илрүүлж, аюулгүй болгоод байгаа юм.
Хөрш Чеченьд нь салан тусгаарлах үзэлтнүүд хоёр ч удаа дайн өдөөсний дараа хүн амын олонх нь исламын шашинтай Дагестан шашны хэт даврагчдын үйл ажиллагаа явуулдаг бас нэгэн гол бүс нутаг болсон юм. Гэхдээ 2014 онд Сочигийн өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах үеэр хууль Дагестаны сахиулах байгууллагууд аюулгүй байдлаа чангатгасны дараа тус нутагт халдлага хүчирхийлэл харьцангуй намжаад байсан юм байна.
Саатуулагдсан авто машины жолооч тэсрэх бөмбөг дэлбэлжээ | ||
Үзсэн: 700 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.