Шууд Chart

Хар, цагаан зурагтыг шилэн тирко ашиглан өнгөт болгодог

2016-04-01 13:20:30

1962 онд Швед улсад манай улсын адилаар ганцхан телевиз үйл ажиллагаа явуулдаг байжээ. Хар, цагаан дүрсээр нэвтрүүлгээ цацдаг байсан “Эс-Ви-Ти” гэх энэ телевиз тухайн оны дөрөвдүгээр сарын 1-нд нэгэн худал мэдээллийг эфирээрээ цацсан нь  тус улсын түүхэнд хамгийн олон хүнийг үнэмшүүлсэн наргиа болж түүхэнд үлдсэн юм.

Шведийн тус телевиз дөрөвдүгээр сарын 1-ний наргиа болгон шилэн трико ашиглаж хар, цагаан зурагтыг өнгөт болгох боломжтой гэж үзэгчиддээ зөвлөсөн байна. Энэ тухай нэвтрүүлгээ цацахдаа тус телевизийн техникийн мэргэжилтэн Кьелл Стенссон студид байрлуулсан хар, цагаан дэлгэцтэй зурагтын өмнө сууж, гэрлийн шинж чанар болон гэрлийн хугарлын нөлөөгөөр үүсдэг үзэгдлийн талаар нарийн мэргэжлийн тайлбарыг үзэгчдэд өгч эхэлсэн байна. Энэхүү нарийн мэргэжлийн тайлбарт үнэмшсэн үзэгчид трикогоо хайчлан, хар, цагаан зурагтын дэлгэцийн урд нааж байрлуулбал гэрлийн хугарал үүсч, зурагтын дүрс өнгөт болно гэх Кьелл Стенссоны хачирхалтай, худал зөвлөгөөнд итгэжээ.

Улмаар энэ мэдээнд үнэмшсэн олон мянган хүн гэртээ зөвлөгөөг туршсан гэдгээ дараа нь хүлээсэн байна. Шведийн дунд эргэм насны хүмүүс эцэг, эх нь гэртээ шилэн трико, хайч эрэн хэрхэн гүйлдэж байсан тухай хөгжилтэй түүхийг одоо хэр инээдмийн баярын өдрөөр дурсан ярьдаг аж.

Мөн трико наасан зурагт нь өнгөтөөр харагдах болов уу гэж найдахдаа сандлаа нааш, цааш хөдөлгөн, толгойгоо гилжийлгэж ч хүртэл үзсэн тухайгаа тэд дурсдаг юм. Гэхдээ мэдээж шилэн трико ашиглаад л хар, цагаан зурагт өнгөт болно гэсэн энэ мэдээлэл наргиа байсныг хүмүүс удалгүй ойлгосон байна. Үүнээс дөрвөн жилийн дараа Шведийн “Эс-Ви-Ти” телевиз өнгөтөөр нэвтрүүлгээ цацах анхны туршилтаа хийж, улмаар 1970 оноос эфирээ албан ёсоор өнгөтөөр цацах болсон байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хар, цагаан зурагтыг шилэн тирко ашиглан өнгөт болгодог  
Үзсэн: 1262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй