Шууд Chart

Энэтхэгт гүүр нурснаас 20 орчим хүн амь үрэгджээ

2016-04-02 10:42:32

Энэтхэгийн Калькутта хотод баригдаж байсан гүүр нурснаас 20 орчим хүн амь үрэгдэж, 100 орчим хүн бэртэж гэмтжээ. Эдгээрээс гадна гүүрний нуранги дор дарагдсан хүмүүс байж магадгүй гэж албаныхан таамаглаж байна. Хотын ачаалал ихтэй автозамын дээр нурсан энэхүү гүүрний нуранги дороос амьд үлдэгсдийг гарган авахын тулд хотын иргэд нүцгэн гараараа нурангийг зайлуулж байгаа аж.

Энэтхэг улсын барилгын салбарт хяналт шалгалт дутмаг байдаг, мөн стандартад нийцээгүй материал ашигладаг зэргээс үүдэн энэ мэт осол гарах нь цөөнгүй тохиолддог байна. Сая нурсан гүүрийг Калькутта хотын хүн ам хамгийн шигүү суурьшсан дүүрэгт барьж байсан юм. 2 км урттай энэ гүүр нь 2009 оноос баригдаж эхэлсэн бөгөөд ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой хугацаанаасаа хэд хэдэн удаа хоцорчээ. Гүүр яагаад нурсан шалтгааныг одоогоор хараахан тодруулаагүй байгаа ч барилгын ажлыг гүйцэтгэж байсан компани мөрдөн шалгалтад туслалцаа үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Энэ хооронд ажиглалтын камерт бичигдсэн гүүр нурж, дор нь явж байсан явган хүмүүс төдийгүй автобус, бусад тээврийн хэрэгсэл нурангид дарагдах үеийн бичлэг олон нийтийн цахим хуудсуудаар цацагдаж эхэлсэн байна. Мөн гүүрний дор түр сууцанд хүмүүс амьдарч байсан талаар гэрчүүд ярьжээ. Энэтхэгийн Гамшигтай тэмцэх үндэсний газар болон цэрэг армийнхан аврах ажиллагаанд оролцож байна. Гүүр нурсан бүсэд түргэн тусламжийн автомашин орох зай талбай хомс байгаа нь аврах ажиллагааг шуурхай явуулахад саад болж байгаа талаар албаныхан мэдээлж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Энэтхэгт гүүр нурснаас 20 орчим хүн амь үрэгджээ  
Үзсэн: 2120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй