
Францын засгийн газар хөдөлмөрийн хууль тогтоомждоо нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгааг эсэргүүцэн, тус улсын олон салбарын ажилчид, оюутнууд хамтран дахин нэг удаа жагсаал зохион байгууллаа. Францын үйлдвэрчний эвлэлүүдийн өгч байгаа мэдээллээр, хэд хэдэн хотод өрнөсөн эдгээр жагсаалд нийтдээ 1,2 сая хүн оролцож, ажлын цаг, ажилтан халах тухай болон бусад заалтад нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.
Нийслэл Парис хотноо л гэхэд 160 мянган хүн жагсаалд оролцжээ. Гэхдээ Францын цагдаа нар үйлдвэрчний эвлэлүүдийн мэдээлснээс бага тооны буюу 400 орчим мянган хүн жагсаалд оролцсон гэх албан мэдээллийг өгч байна. Зарим гудамжинд жагсагчид хэв журам сахиулахаар ажиллаж байсан цагдаа нартай мөргөлдөж, үймээн самуун дэгдээсэн байна. Үймээнд оролцсон 100 гаруй хүн баривчлагдсан, мөн үймээнийг намжаахаар ажиллаж байсан аюулгүйн хүчний 13 албан хаагч гэмтэж бэртсэн тухай Францын Дотоод хэргийн яам мэдээллээ.
Үүнээс гадна Францын нийслэл Парис хотын галт тэрэг, метроны гол компаниудын ажилчид өчигдөр ажил хаясан байна. Францын засгийн газар ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуулиас урьтаж ажилгүйдлийг бууруулж, эдийн засгаа сайжруулахыг зорьж байна. Энэ хүрээнд хөдөлмөрийн хуульд оруулахаар санал болгосон нэмэлт өөрчлөлтөд ажилчдыг халах үйл явцыг хөнгөвчлөх тухай заалт багтсан байна. Тус заалт нь компаниудад оногдох эрсдийг бууруулж, илүү олон ажилтан хөлслөхөд түлхэц болно гэж эрх баригчид тайлбарлаж байгаа юм.
Францын хөдөлмөрийн хуульд ажилтанг өдөрт 7 цаг, 7 хоногт нийтдээ 35 хүртэлх цаг ажиллуулахаар заасан байдгийг мөн өөрчлөхөөр төлөвлөж байгаа нь олон нийтийн зүгээс ийнхүү ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Хөдөлмөрийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн жагсаал Францад 4 дэх удаагаа зохион байгуулагдлаа. Жагсаал бүрт оролцох ард иргэдийн тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байгааг ажиглагчид онцолж байна.
Хөдөлмөрийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөл оруулахыг эсэргүүцсэн жагсаал боллоо | ||
Үзсэн: 559 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.