
Өчигдөр ОХУ-ын Батлан хамгаалах яамны хуучин барилга дотор гал гарчээ. Гал сөнөөгчид Москвагийн цагаар 16 цаг 30 минутад галыг бүрэн унтраасан гэж тус улсын Онцгой байдлын яамны дэд сайд мэдэгдлээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн мэдээг иш татан тус улсын хэвлэлүүдийн уламжилж байгаагаар өглөөний 10 цагийн орчимд барилгын хоёрдугаар давхарт гал гарч эхэлсэн байна.
Галын шалтгааныг цахилгааны богино холболт үүссэнтэй холбоотой байж магадгүй гэж холбогдох албаныхан таамаглаж буй юм. Оросын Батлан хамгаалах яамны хуучин байранд ийнхүү гал гарсны дараа 40 орчим хүн барилгыг яаралтай орхисон байна. Үүний дараа гал сөнөөгчид хүрэлцэн очиж, дахин долоон хүнийг барилгаас гаргажээ.
Яамны барилгын шал хуучирсан, мөн тухайн үед хүчтэй салхилж байснаас шалтгаалан гал түргэн хугацаанд газар авч, 3 мянга 500 шоо дөрвөлжин метр талбайг бүрхсэн гэх мэдээ байна. Гэхдээ гал сөнөөгчид шуурхай ажилласны дүнд зэргэлдээх барилгуудад гал авалцахаас зэргийлж чаджээ. Яамны хуучин барилгад гарсан галыг унтраахад тус улсын Онцгой байдлын яамны илгээсэн 253 албан хаагч, 72 машин механизм оролцсон байна. Оросын Батлан хамгаалах яам гол хэлтсүүд нь шинэ барилгадаа нүүн орсон учраас сая гарсан гал үйл ажиллагаанд нь ноцтой нөлөө үзүүлэхгүй гэх тайлбарыг өгч байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны хуучин барилгад гал гарсныг унтраажээ | ||
Үзсэн: 504 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.