Шууд Chart

Японы шумбагч онгоц Филиппинд хүрч очлоо

2016-04-04 13:16:41

Япон, Филиппин хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд Японы тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчний Ояшио шумбагч онгоц Филипинд гурав хоногийн хугацаатай хүрэлцэн очлоо. Тус шумбагч онгоцыг өчигдөр Ариакэ, Сэтогири гэх хоёр сөнөөгч хөлөг онгоц дагалдан, Филиппиний баруун эргийн Субик Бей боомтод буусан байна.

Японы шумбагч хөлөг онгоц 2001 оноос хойш Филиппиний боомтод анх удаа бууж байгаа нь энэ гэдгийг албаныхан онцлон тэмдэглэлээ. Иймээс Ояшио шумбагч онгоцыг Субик Бей боомтод очих үеэр Филиппиний тэнгисийн цэргийн үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая тоглож, угтан авчээ. 80 метр урт их бие бүхий Ояшио шумбагч онгоцыг 1998 онд ашиглалтад оруулсан бөгөөд шинэ загварын шумбагч онгоц халааг нь авсны дараа сургалтын зориулалтаар ашиглах болсон юм. Японы өөрийгөө хамгаалах хүчний залуу офицерууд навигацийн бэлтгэл сургуулилтынхаа хүрээнд ийнхүү Филиппиний боомтод очсон байна.

Японы Ояшио шумбагч онгоц Субик Бей боомтод байх үеэр шумбагч болон хөлөг онгоцуудын бие бүрэлдэхүүн Филиппиний тэнгисийн цэргүүдтэй хамтарсан сургуулилт хийхээр төлөвлөсөн байна. Японы эрх баригчид шумбагч онгоцоо илгээснээр Филиппиний тэнгисийн хүчинтэй ойр дөт хамтран ажиллах эрмэлзэлтэй гэдгээ Хятадад дохиоллоо гэж ажиглагчид үзэж байна.

Хятад, Филиппин хоёр орон жилд таван их наяд америк долларын бараа бүтээгдэхүүн дамжин өнгөрдөг Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутагт газар нутгийн маргаантай. Хятад улс тухайн бүс нутгийн дийлэнх хэсгийг өөрийн эзэмшил гэж маргаж байгаатай холбоотойгоор Вьетнам, Филиппин, АНУ зэрэг орны адилаар Япон тухайн бүс нутагт өөрийн хөлөг онгоц, нисэх онгоцоо илүү ойр давтамжтай илгээх болсныг ажиглагчид онцолж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Японы шумбагч онгоц Филиппинд хүрч очлоо   
Үзсэн: 1577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй