Шууд Chart

Панамын хуулийн фирмийн 11 сая нууц баримт бичиг ил болжээ

2016-04-04 15:07:36

Эрх мэдэлтэй, баян чинээлэг хүмүүс өмч хөрөнгөө нуун дарагдуулах, татвараас зайлсхийхийн тулд татварын диваажин гэгддэг бүс нутгуудыг хэрхэн ашигладаг болохыг сая задарсан нууц баримт бичгүүд дэлгэсэн талаар олон улсын хэвлэлүүд шуугиж байна. "Би-Би-Си" агентлагийн мэдээлснээр Панамын Моссак Фонсека хуулийн фирмийн 11 сая нууц баримт бичгийг үл мэдэгдэх эх сурвалж олж авч, "Зюддойче цайтунг" сонинд дамжуулжээ.

Тус сонин баримт бичгийг цааш Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумд хүлээлгэн өгч, шалгуулж эхлээд байгаа юм. Эдгээр нууц баримт бичиг нь Моссак Фонсека хуулийн фирмийн сүүлийн 40 жилийн өдөр тутам явуулсан үйл ажиллагаа, тэр дундаа үйлчлүүлэгчдэд мөнгө угаах, хориг арга хэмжээний үйлчлэлээс мултрах, татвараас зайлсхийхэд хэрхэн туслалцаа үзүүлж байсныг илчилжээ. Нууц баримт бичгүүдэд нийт 72 орны одоогийн болон өмнөх төр засгийн тэргүүн нарын нэр холбогдоод буй юм байна. Энэ дунд Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак, Ливийн удирдагч асан Муанмар Каддафи, Сирийн Ерөнхийлөгч Башар Асад нарын гэр бүл, ойрын холбоотнууд байгаа талаар "Би-Би-Си" мэдээлж байна.

Мөн Исландын Ерөнхий сайд Сигмюндюр Давид Гюннлейгссоны оффшор компанитай холбогдсон баримт бичиг байгаа юм. Үүнээс гадна Оросын нэгэн банк тэрбум долларын мөнгө угаах сүлжээ ажиллуулж байсан баримт бичгүүд байгаа тухай "Би-Би-Си" уламжилж байна. Эдгээр баримтад Оросын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын тойрон хүрээлэгчдийн нэр холбогдсон байгаа юм. Моссак Фонсека компанийн эдгээр нууц баримт бичгийг одоо 78 орны хэвлэл мэдээллийн 107 байгууллага хамтран шалгаж байна. Харин Моссак Фонсека компанийн зүгээс сүүлийн 40 жилийн турш олон улсын хууль тогтоомжоос гажилгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн, өмнө нь ямар ч гэмт хэрэгт холбогдож байсан удаагүй гэх хариу тайлбарыг хийж байна. Тэд үндэслэлтэй баримт нотолгоо бий нөхцөлд холбогдох албаныхантай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Панамын хуулийн фирмийн 11 сая нууц баримт бичиг ил болжээ  
Үзсэн: 467 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй