Шууд Chart

"Завентем" нисэх буудал үйл ажиллагаагаа хэсэгчлэн сэргээлээ

2016-04-04 15:13:33

Бельгийн нийслэл Брюссель хотын "Завентем" нисэх буудал өчигдрөөс үйл ажиллагаагаа хэсэгчлэн сэргээлээ. 13 хоногийн өмнө амиа золиослогч этгээдүүд халдлага үйлдэж, 16 хүний аминд хүрсний дараа тус нисэх буудал үйл ажиллагаагаа зогсоогоод байсан юм. Өчигдөр "Завентем" нисэх буудлаас Португал, Итали, Грек улсын чиглэлд "Брюссель Эйрлайнс" компанийн гурван нислэг хөөрсөн байна.

Нисэх буудлын аюулгүй байдлын хяналт шалгалтыг дахин чангатгахгүй нөхцөлд цагдаа нар ажил хаяна гэдгээ мэдэгдсэн учраас нэмэлт хатуу хяналт шалгалтыг "Завентем" нисэх буудалд нэвтрүүлсэн байна. Зорчигчид эдгээр хяналт шалгалтад хамрагдахын тулд нислэгээсээ гурван цагийн өмнө нисэх буудалд очсон байх шаардлагатай болжээ. Өнгөрсөн сарын 22-нд Брюссель хотын "Завентем" нисэх буудал болон Мальбек метроны буудалд террорист халдлага гарч, 32 хүн энэ үеэр амь үрэгдсэн юм. Энэ үйл явдлаас хойш олон нийтийн өмнө хаалгаа бариад байсан "Завентем" нисэх буудал ийнхүү үйл ажиллагаагаа хэсэгчлэн сэргээсний дараах эхний нислэгүүд хөөрч байгааг үзэхээр нисэх буудлын ажилчид цугларчээ.

Одоо "Завентем" нисэх буудал зорчигчдын тав тухаас илүүтэй аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллана гэдгээ илэрхийлж байна. Тус нисэх буудал зуны амралт зугаалгын улирал эхлэхээс өмнө бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ гэж найдаж байгаа юм. "Завентем" нисэх буудлын үйл ажиллагаа зогссоны улмаас "Брюссель Эйрлайнс" иргэний агаарын тээврийн компанид хоногт дунджаар 5 сая еврогийн хохирол учирсан гэж тооцжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

"Завентем" нисэх буудал үйл ажиллагаагаа хэсэгчлэн сэргээлээ  
Үзсэн: 462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй