Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Азербайжан хилийн бүсдээ гал зогсоохыг шийдвэрлэжээ

2016-04-04 15:21:21
Error loading player: No playable sources found

Армен улстай нутаг дэвсгэрийн маргаантай байдаг Уулын Карабах бүс нутагтаа Азербайжан гал зогсоохоор шийдвэрлэжээ. Энэ нутаг дахь мөргөлдөөн хүчирхийллийг зогсоох тухай олон улсын уриалгыг хүлээн авч, гал зогсоохоор шийдвэрлэсэн гэж Азербайжаны Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Гэхдээ цэрэг хүчин нь эсрэг талын дайралтад өртсөн тохиолдолд хариу цохилт хийхэд бэлэн гэдгийг тус яамны мэдэгдэлд дурджээ. Харин Карабахын зэвсэгт хүчин дээрх мэдэгдлийг худал гээд Азербайжаны талаас үргэлжлүүлэн гал нээсэн хэвээр байгаа гэх тайлбарыг өгсөн байна.

Уулын Карабахын зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч "Эй-Эф-Пи" агентлагт ярихдаа Карабахын зүүн өмнөд болон зүүн хойд фронтод ширүүн тулаан үргэлжилсээр байгаа гэжээ. Зарим хэвлэлд Карабахын 2 цэрэг шархадсан тухай мэдээлэл ч цацагдаж байна. 1994 онд гал зогсоох хэлэлцээрээр эцэс болсон дайнаас хойш Азербайжаны Уулын Карабах бүс нутаг салан тусгаарлах үзэлтэй армен үндэстнүүдийн хяналтад байсаар ирсэн юм. Энэхүү маргаантай газар нутгийн төлөөх тулалдаан өчигдрийг хүртэл үргэлжлэхдээ 30 гаруй цэрэг, хэд хэдэн энгийн иргэний аминд хүрээд байна.

Бямба гарагт Карабахын бүс нутагт тулалдаж байгаа армен угсаатны 18 цэрэг амь үрэгдсэн бол, Азербайжаны тал 12 цэргээ алдсан байна. Үүнээс гадна Карабахын батлан хамгаалахын яам 12 настай хүү амь үрэгдсэн, мөн 2 өөр хүүхэд шархадсан гэх мэдээллийг өгч байгаа юм. Харин Азербайжаны тал мөргөлдөөний үеэр 2 энгийн иргэн нь амь үрэгдэж, 10 орчим хүн шархадсан гэх мэдээллийг өгч байна. Та бүхэнд эргэн сануулахад, Армен, Азербайжаны хооронд Уулын Карабах бүс нутгийн төлөөх тулалдаан 1980-аад оны сүүлээр эхэлж, Зөвлөлт холбоот улс задран унасны дараа 1991 онд улам даамжран, дайны байдалд хүрсэн юм. 1994 онд хоёр тал гал зогсоох хүртэл хугацаанд 30 мянга орчим хүн амь үрэгдсэн гэх тоо байдаг. Гал зогсоосноос хойш Азербайжаны хил дотор оршдог Уулын Карабах бүс нутгийг армен угсаатнууд хянаж ирсэн. Гэхдээ энэ бүс нутагт үе, үе мөргөлдөөн хямрал гаардаг уламжлал тогтоод байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Азербайжан хилийн бүсдээ гал зогсоохыг шийдвэрлэжээ   
Үзсэн: 1483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй