Шууд Chart

Дэлхий дээр олон хүн илүүдэл жинтэй байна

2016-04-04 16:44:41

Их Британийн Эзэн хааны коллежийн эрдэмтэд 1975 оноос 2014 оны хооронд насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй 20 сая хүний биеийн жингийн индексийг харьцуулж хийсэн судалгааныхаа үр дүнг сая нийтэлсэн байна. Энэхүү судалгааны дүнд дэлхий дээр хүнс тэжээлийн хомсдлоос үүдэлтэй жингийн дутагдалд орсон хүмүүстэй харьцуулахад илүү олон хүн илүүдэл жинтэй байгааг тогтоожээ.

Мөн 1975 оноос 2014 оны хооронд эрчүүдийн дунд таргалалт 3 дахин нэмэгдсэн, эмэгтэйчүүдийн хувьд 2 дахин нэмэгдсэн болох нь судалгаанаас харагдсан байна. Судалгааны багийг ахалсан профессор Мажид Эззат хэт таргалалт тахлын хэмжээнд хүрсэн болохыг онцлоод энэ асуудлыг шийдвэрлэх арга алхам яаралтай хэрэгжүүлэхийг улс орнуудын эрх баригчдад уриаллаа. Их Британийн судлаачид энэ судалгаандаа дэлхийн 186 орны насанд хүрэгчдийн биеийн жингийн өгөгдөлд харьцуулалт хийсэн байна.

Эдгээр өгөгдлөөс үзэхэд, 1975 онд 105 сая хүн илүүдэл жинтэй, 330 сая хүн жингийн дутагдалтай байсан байна. Өөрөөр хэлбэл, илүүдэл жинтэй хүмүүсээс 3 дахин олон тооны хүн хэвийн хэмжээнээс бага жинтэй байсан юм. Харин 2014 оны байдлаар дэлхий даяар илүүдэл жинтэй хүн 641 сая, жингийн дутагдалд орсон хүний тоо 462 сая болж өссөн байна. Энэ үзүүлэлтээс дүгнэхэд 39 жилийн хугацаанд таргалалттай хүмүүс 6 дахин олширсон бол жингийн дутагдалд орсон хүмүүс 1.4 дахин нэмэгдсэн гэсэн үг юм. 

Хэрэв таргалалт эрчимжих энэ чиг хандлагыг зогсоох дорвитой арга хэмжээ авахгүй бол дэлхийн хүн амд илүүдэл жинтэй хүмүүсийн эзлэх хувь хэмжээг 2010 оны түвшинд тогтоон барих Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зорилт 2025 он гэхэд биелэх магадлал тэг хувьтай гэж судлаачид анхааруулж байна. 

Нийтэлсэн: Э.Энхрэл

Дэлхий дээр олон хүн илүүдэл жинтэй байна  
Үзсэн: 557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй