
Ирэх сарын 12-14-ний өдрүүдэд НҮБ ын төв байранд болох албан бус хэлэлцүүлэгт НҮБ ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлын төлөө өрсөлдөх 7 нэр дэвшигч оролцохоор болжээ. Энэ тухай НҮБ ын Ерөнхий ассамблейн дарга Могенс Люккетофт мэдэгдсэн байна. Энэхүү уулзалт хэлэлцүүлгийг НҮБ ын албан ёсны цахим хуудсаар тус байгууллагын албан ёсны 6 хэл дээр шууд дамжуулан үзүүлэх юм.
НҮБ ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчдийн жагсаалтанд Черногорийн гадаад хэргийн сайд Игорь Лукшич, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова, Португалийн Ерөнхий сайд асан Антонио Гутереш нарын нэр багтаж байгаа. Тэд эхний өдрийн хэлэлцүүлэгт оролцох юм байна. Мөн Словений ерөнхийлөгч асан Данило Тюрк, Хорватын гадаад хэргийн сайд Весно Пусич, Молдавын гадаад хэргийн сайд Наталья Герман нар 2 дахь өдрийнх нь хэлэлцүүлэгт оролцоно.
Харин 7 дахь нэр дэвшигч нь Македоны гадаад хэргийн сайд асан Срджан Керим бөгөөд тэрээр 14-ний өдрийн хэлэлцүүлэгт оролцох юм байна. Энэ хэлэлцүүлгүүд дээр нэр дэвшигчид үг хэлсний дараа НҮБ ын гишүүн орнуудын төлөөлөгчдийн асуултад хариулах юм байна. НҮБ ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны бүрэн эрхийн хугацаа ирэх 12 дугаар сарын 31 нд дуусах юм. НҮБ ын дүрмийн дагуу тус байгууллагын тэргүүнийг Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхий ассамблейгаас сонгодог. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 8 хүн сонгогдон ажиллаж байсан боловч зүүн Европын орнуудын төлөөлөл тэдний дунд байгаагүй юм.
Дээр нь НҮБ ын Ерөнхий нарийн бичгийн даргаар эмэгтэй хүн сонгогдож байгаагүй тул шинэ сонголт хийхэд энэ хүчин зүйлс чухал үүрэгтэйг судлаачид онцолж байна. Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 орноос бусад НҮБ-ын гишүүн улс орон бүр Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэх эрхтэй. НҮБ-ын аюулгүйн зөвлөл 7 сарын эцэс гэхэд нэр дэвшигчдийг шалгаруулах хүртэл тэдэнтэй уулзалт хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг ийнхүү Ерөнхий Ассамблейгаас санаачлан зохион байгуулах юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчид албан бус хэлэлцүүлэгт оролцоно | ||
Үзсэн: 764 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.