Шууд Chart

Европын холбоо, Туркийн хэлэлцээр бүрэн хэрэгжиж эхэллээ

2016-04-04 16:53:18

Европын холбоо, Туркийн байгуулсан цагаач дүрвэгчдийн асуудлаарх хэлэлцээр өнөөдрөөс бүрэн хэмжээнд хэрэгжиж эхлэв. Энэ хэлэлцээрийн хүрээнд Туркээс Грекийн арлуудад хүрч очсон, орогнол эрэх өрөгдөл гаргаагүй, эсвэл энэ өрөгдөл нь буцаагдсан цагаач дүрвэгчдийг Турк руу буцаан явуулах юм. Энэ хэлэлцээрийг эсэргүүцэн өнгөрсөн 7 хоногт Грект гацсан цагаач дүрвэгчид төдийгүй Турк улсад зарим бүс нутгийн иргэд жагсаал цуглаан зохион байгуулсан юм. Балканы орнууд хилээ хааснаас Грекийн нутаг дэвсгэрт гацсан хүмүүс өөрсдийгөө цагаач бус дүрвэгч гэж тодорхойлж, олон улсын хууль тогтоомжоор олгогдсон эрхийг нь эдлүүлэн, хилээ нээхийг Европын холбооны орнуудад уриалан жагссан.

Харин Турк улсад дүрвэгчдийг хүлээн авах цэгүүдийн ойролцоо амьдардаг иргэд бүс нутагт нь цагаач дүрвэгчид олноор очсоноор тухайн бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж, аялал жуулчлалд сөргөөр нөлөөлнө гэж санаа зовниж байгаагаа илэрхийлж, мөн л хэлэлцээрийн хэрэгжилтийг эсэргүүцэн жагссан байна. Грекээс буцаан авах цагаач дүрвэгчдэд зориулан Турк улс дүрвэгчдийг хүлээн авах хэдий тооны цэг ажиллуулахаар төлөвлөж байгаа нь тодорхойгүй байна.

Мөн эдгээр хүлээн авах цэгүүд нь цагаач дүрвэгчдийг түр байршуулах зориулалттай байх уу, эсвэл дүрвэгчдийг бүр суурьшуулах хуаран болох уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Туркийн хүлээж авсан цагаач дүрвэгч бүрийн хариуд Европын холбоо нутаг дэвсгэртээ тухайн тооны Сирийн дүрвэгчийг хүлээн авахаар тохиролцсон байгаа. Энэ хүрээнд Сирийн нийт 72 мянган дүрвэгчийг Европын холбооны гишүүн орнуудад тараан суурьшуулахаар төлөвлөж байгаа юм.

Үүнээс гадна хэлэлцээрт Европын холбоо Туркт байгаа сирийн дүрвэгчдэд 6 тэрбум хүртэлх еврогийн тусламж үзүүлэх, энэ зунаас эхлэн Туркийн иргэдэд шенгений бүс рүү зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх, тус улсын Европын холбоонд элсэх тухай яриа хэлэлцээг түргэвчлэхээр тусгасан юм. Одоогоор Турк улсад 2,7 сая сирийн дүрвэгч орогнож байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Европын холбоо, Туркийн хэлэлцээр бүрэн хэрэгжиж эхэллээ  
Үзсэн: 497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй