
Оффшор компани байгуулах чиглэлээр дагнан үйл ажиллагаа эрхэлдэг Панамын Моссак Фонсека хуулийн фирмийн 11,5 сая нууц баримт бичигтэй холбоотойгоор олон улс оронд мөрдлөг шалгалт эхлэх төлөвтэй байна.
Дэлхийн нөлөө бүхий эрхмүүд өмч хөрөнгөө нуун дарагдуулах, татвараас зайлсхийхдээ оффшор компаниудыг хэрхэн ашиглаж байсныг гэрчлэх хамгийн олон тооны баримт бичиг түүхэнд анх удаа нэг дор олон нийтэд дэлгэгдсэн нь энэ болохыг олон улсын хэвлэлүүд онцолж байгаа юм.
Эдгээр баримт бичигт АНУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн нотолгоо байгаа эсэхийг тус улсын Хууль зүйн яам шалган тогтооно гэдгээ мэдэгдсэн байна. Францын прокурорууд мөн тус асуудлаар урьдчилсан мөрдлөг шалгалт эхлүүлэхээ өчигдөр зарлажээ. Үүнээс гадна Герман, Австрали, Австри, Швед, Нидерланд зэрэг улс Панамын фирмийн нууц бичиг баримтуудтай холбогдуулан мөрдлөг шалгалт хийхээр болсон байна.
Аргентины ерөнхийлөгч Маурисио Макри өмнө нь Бакамын арал дахь оффшор компанийн захирлаар ажиллаж байсан. Өчигдөр Аргентины сөрөг хүчний намынхан ерөнхийлөгчөөсөө энэ асуудлаар тайлбар хийхийг шаарджээ. Олон орны төр засгийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүрээлэл, Их Британи, Исланд, Пакистаны ерөнхий сайд нарын гэр бүл болон Украйны ерөнхийлөгч Петро Порошенко, Хятадын дарга Си Зиньпиний гэр бүл, төрөл төрөгсдийн нэр Панамын Моссак Фонсека хуулийн фирмийн нууц баримт бичгүүдэд дурдагдсан байгаа юм. Дэлхийн олон орны үйлчлүүлэгчиддээ зориулан 240 мянга гаруй оффшор компани байгуулсан Моссек Фонсека фирм хууль зөрчиж байсан удаагүй гэдгээ мэдэгдээд байна. Тус фирм цахим халдлагад өртөж, нууц баримт бичгүүдээ хакеруудад алдсан хохирогч гэж өөрийгөө тодорхойлоод байгаа юм.
Панамын хуулийн фирмийн нууц баримт бичгүүдтэй холбогдуулан олон оронд мөрдлөг шалгалт эхлүүлэхээр болжээ | ||
Үзсэн: 571 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.