Шууд Chart

Кисэносатод ёкозүна цол олгохыг хэн ч дэмжсэнгүй

2016-04-05 12:14:31

Мэргэжлийн сүмогийн тэмцээн болгоны дараа Сүмогийн холбооны Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хороо хуралдаж, өнгөрсөн тэмцээнийг дүгнэж, ирэх тэмцээнд цол олгох бөхчүүдийн талаар хэлэлцдэг билээ. Энэ удаагийн хурлаар ёкозүна Хакүхогийн хэнка буюу зайлах мэхээр Харүмафүжиг ялсан талаар ярилцжээ. Тус хорооны гишүүн Оошима “Ялсан хойноо нэмж нидрэхийг асуудал хэмээн үзэж байгаа. Японы үндэсний бөхийн уламжлал, ёс заншлыг хамгийн сайн ойлгож байгаа их аварга хүн ийм зүйл хийсэнд харамсаж байна. Харин тэмцээний сүүлийн өдөр зайлж ялсан явдал бол нэг их сүртэй зүйл биш. Хаккакү оякатагийн хэлснээр Харүмафүжи гэмтэлтэй байсан болохоор Хакүхо шулуун мөргөлдөлгүй, хав золгох гэж бодсон ч тэр чигээрээ гарчихсан бололтой” гэж ярьжээ.

Мөн өнгөрсөн хаврын тэмцээнд 13 ялж, их аварга Хакүхотой өрсөлдөн, ганц даваа дутуу амжилтаар үзүүрлэсэн Кисэносатод ирэх тэмцээнд ёкозүна цолны болзол сонсгох талаар ярилцсан боловч хэн ч дэмжсэнгүй. “Озэки нарын дундаас ёкозүна цолонд хамгийн ойр бөх ч тэмцээнд түрүүлж үзээгүй хүнийг аварга болгох хэцүү” гэж олонх гишүүн үзсэн байна. 13 ялсан ч Хакүхо, Харүмафүжи нарт эсэргүүцэл үзүүлж чадалгүй унасан нь нөлөөлжээ. Гэхдээ тавдугаар сарын башёд ёкозүна болох найдвар нь бүр мөсөн алга болсон гэсэн үг биш. Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү ояката “Үнэн хүчит арслан ч шууд аварга болгож болохгүй. Ирэх тэмцээнд үр дүнгээс гадна барилдааны агуулга, чанар, башёг сонирхолтой болгож чадах эсэхээс нь их юм хамаарна. Ялангуяа Хакүхотой хэрхэн барилдах нь чухал. 15 ялж түрүүлэх, эсвэл Хакүхог илт давуу хаяж, 14 ялан түрүүлбэл ёкозүна цолны талаар ярилцаж болох юм” гэв.

Холбооны тэргүүний албыг олон жил хашсан Томозүна ояката ч “Тогтвортой сайн барилддаг ганц озэки бол Кисэносато. Үүнийг нь үнэлээд 14 ялж, түрүүлбэл ёкозүна цол өгөхөд буруудах юмгүй” гэж нутгийн аваргатай болох хүслээ илэрхийлжээ.

Энэ бүхнээс дүгнэхэд Кисэносато ирэх тэмцээнд арлын орноо донсолгож, ард түмнээ шагштал барилдахгүй бол аварга болох мөрөөдлөө хөсөрдүүлэх бололтой. Боломжгүй мэт санагдах ч Хаккакү ояката Кисэносатод “Аварга болох хүнийг шинждэг гол зүйл бол тачиай золголт. Өрсөлдөгч нь зайлах юм уу, түрүүлж, эсвэл хоцорч босч болно. Энд сандарч тэвдэлгүй, тайван байх. Мөргөлдсөн хойноо барьц аваад л урагш дайрах. Өнгөрсөн тэмцээнд баруун золгохдоо их сайн барилдсан. Энэ барилдаанаа эцэст нь тултал төгс болгох чухал. Тэгээд сэтгэл зүйн асуудлаа шийдчихвэл болохгүй гэх зүйл алга” гэж зөвлөж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Кисэносатод ёкозүна цол олгохыг хэн ч дэмжсэнгүй  
Үзсэн: 649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй