
Бразилын Рио Де Жанейро хотод зохион байгуулагдах зуны олимпийн наадам эхлэхэд дөрөвхөн сарын хугацаа үлдээд байна. Олимпийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу явж байгаа талаар өчигдөр холбогдох албаныхан мэдээллээ.
Рио Де Жанейро хотноо зуны Олимп, Паралимпийн наадмын тэмцээн уралдаанууд ирэх наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Одоогоор Риогийн олимпийн наадамд зориулсан 15 өргөн чөлөөний 13-ыг барьж байгуулах ажил бүрэн дууссан байна. Бразил улсад эдийн засаг, улс төрийн хямрал нүүрлээд байгаа энэ цаг үед Рио Де Жанейрогийн олимп тус улсын нэр хүндийг олон улсын тавцанд сэргээхэд чухал хувь нэмэр оруулна гэж олимпийг зохион байгуулах хорооныхон найдаж байна.
Гэхдээ олимпийн наадмын тасалбар төдийлөн сайн борлогдохгүй байгаа нь зохион байгуулагчдын санааг зовоож эхэлжээ. Одоогоор Рио Де Жанейрогийн олимпийн наадмын нийт тасалбарын ердөө 50 орчим хувь нь зарагдсан байна. Паралимпийн наадмын тасалбар борлуулалт үүнээс ч доогуур буюу 12 хувьтай байгаа гэх мэдээллийг Риогийн олимпийг зохион байгуулах хорооноос өгсөн байна.
Бразилын Засгийн газар зарагдахгүй байгаа эдгээр тасалбараас худалдан авч, улсынхаа дунд сургуулийн сурагчдад тарааж магадгүй талаар тус улсын спортын сайд мэдэгдсэн байна. Олон бүс нутагт халдлага гарч байгаа энэ цаг үед Рио Де Жанейрогийн олимпийн наадмын аюулгүй байдал олон улсын анхаарал татсан бас нэгэн сэдэв болсон.
Тэгвэл Риогийн олимп үргэлжлэх хугацаанд Лондоны зуны олимпийн үеийнхээс хоёр дахин олон цагдаа, хууль сахиулах хүчний албан хаагчдыг аюулгүй байдал, дэг журам сахиулахад дайчлахаар төлөвлөж байгаа юм.
Рио Де Жанейрогийн зуны олимпийн бэлтгэл ажлын явц сайн байна | ||
Үзсэн: 581 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.