Шууд Chart

АНУ-ын байлдааны нисэх онгоцны сургуулилт хийх байршлыг өөрчилнө

2016-04-05 12:53:32

АНУ-ын байлдааны нисэх онгоц Япон улсын нутаг дэвсгэр дээгүүр сургуулилтын нислэг үйлдэх байршил, чиглэлд өөрчлөлт оруулахаар хоёр орны Засгийн газар харилцан тохирчээ. Сургуулилт зохион байгуулагддаг бүс нутгийн оршин суугчид байлдааны нисэх онгоцны дуу чимээний талаар удаа дараа гомдол гаргасантай энэ нь холбоотой юм байна.

Японы Засгийн газар энэ сард эхэлсэн 2016 оны санхүүгийн жилдээ Америкийн байлдааны нисэх онгоцны 10 орчим сургуулилт хийх байршилд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна. Эдгээр сургуулилтыг Японы өөрийгөө хамгаалах хүчний 6 бааз болон АНУ-ын Гуам арал дахь баазын бүс нутагт зохион байгуулахаар болжээ.

Ингэснээр Японы Окинава мужид оршдог Кадэна бааз, Ямагучи мужийн Ивакуни бааз болон Аомори мужийн нутаг дэвсгэрт байрладаг Мисава баазын ойролцоо амьдардаг ард иргэдийн амгалан тайван байдлыг хангахад тус нэмэр болно гэж хоёр орны Засгийн газар найдаж байна. Японд байрладаг АНУ-ын зэвсэгт хүчинд явуулж байгаа шинэчлэлтэй холбогдуулан хоёр орны Засгийн газар байлдааны нисэх онгоцууд сургуулилт хийх байршилд мөн өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн байна. Цаашид илүү олон тооны сургуулилтын байршлыг дээрх маягаар өөрчлөхөөр төлөвлөж байгаа гэж Японы Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

Тус улс өнгөрсөн санхүүгийн жилдээ байлдааны нисэх онгоцны сургуулилтын 10 байршилд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байсан ч энэ тоогоо хоёроор давуулж биелүүлсэн болохыг "Эн-Эйч-Кей" суваг мэдээлж байна.

 

 

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ-ын байлдааны нисэх онгоцны сургуулилт хийх байршлыг өөрчилнө  
Үзсэн: 837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй