
Тулааны урлагийн “One Championship” холбооноос ирэх тавдугаар сарын 6-нд Сингапурын “Singapore Indoor Stadium” цогцолборт “One 42 Ascent to Power” тэмцээнд оролцох тамирчдын нэрийг зарлалаа.
Дунд жингийн шинэхэн дэлхийн аварга ОХУ-ын Виталий Бигдаш нутаг нэгт Алексей Буторин, Японы Мэй Ямагүчи Америкийн Анжела Ли, тус холбооны дэлхийн аварга асан Монгол Улсын Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг Өмнөд Солонгосын Бокү Коотэцүтэй тулалдана.
В.Бигдаш дунд жингийн дэлхийн аварга цолоо анх удаа хамгаалах бол Мэй, Ли нар эмэгтэйчүүдийн 46 кг-ын жингийн аваргын бүсийн төлөө тулалдана. Одоогийн байдлаар энэ хоёр тоглолтоос өөр аваргын цомын төлөө тоглолт байхгүй ч Японы алдарт тамирчин Аоки Шинья, Бразилийн Бибиано Фернандес нар нэмэгдэж магадгүй гэнэ.
Холимог тулаанд найман ялалттай Бигдаш, 10 ялж, ганц ч ялагдалгүй Буторин нарын орос дайчдын зодоон энэ тэмцээний гол тоглолтоор нэрлэгдэж байна.
Сингапур гаралтай Канад эр, Солонгос гаралтай Америк бүсгүйн дундаас төрсөн Ли 19 настай ч тав дараалан ялсан амжилттайгаар дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдахаар боллоо. Харин түүний өөдөөс каратэ, жижицү, шутбокс, холимог тулаанаар тулалдаж явсан, хашир туршлагатай Япон тамирчин босно.
65 кг-ын жинд шилжсэнээсээ хойш гурав дараалан ялаад байгаа Бокү Коотэцү манай тамирчин Ж.Нарантунгалагтай хийх тулаан дэлхийн аваргын бүсэд тун ойртон очино. Мэргэжилтэн, шинжээчид энэ тулааныг маш сонирхолтой болно гэж таамаглаж байна. Хурц, дайчин тоглолттой Ж.Нарантунгалагийн дайралт, түрэлтийг тогтоон, ялж чадах юм бол Бокүг аваргын бүсийн төлөө тоглуулна гэсэн яриа ч сонсогдож байна. Өөрөөр хэлбэл, Марат Гафуровтой тулалдаж магадгүй. Харин Ж.Нарантунгалагийн даагаа нэхэх, дэлхийн аваргын бүсээ эргүүлэн авах тоглолтын талаар мэдээ дуулдахгүй байна. Гэхдээ ямар ч байсан өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ-ын “Кобра” хочит Гафуровт ялагдсанаас хойших анхны тулаан нь ийнхүү шийдэгдлээ. Түүнтэй тулалдах гээд байгаа Бокү Коотэцү гэгч хэн болохыг товч танилцуулъя.
Бокү Коотэцү
Японд төрсөн, Өмнөд Солонгосын иргэншилтэй, “One Championship” холбооны хөнгөн жингийн аварга болж байсан тамирчин. Солонгос нэр нь Пак Ган Чоль.
1977 оны тавдугаар сарын 27-нд Японы Шизүока мужид төрсөн. Японы алдарт тамирчин Ямамото Киддийн эзэмшдэг “KRAZY BEE” клубт хичээллэдэг. Тэрбээр 2004 онд “K-1 WORLD MAX 2004” тэмцээнд Ж.Нарантунгалагийг хүнд цохилтоор ялж байсан билээ.
Хоч нь “Ямамото армийн толгойлогч”, "Мистер тохой”, “NO FACE”
Хөлд орж унагахаас гадна боксын техник сайтай. 175 см өндөр, 66 кг жинтэй.
Кикбоксоор дөрвөн тулаан хийж нэг ялсан. Холимог тулаанд 36 гарахдаа 24 ялж, 10 ялагдаж, хоёр тэнцсэн.
Ж.Нарантунгалаг Бокү Коотэцүтэй тулалдана | ||
Үзсэн: 582 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.