
Европын холбоо Туркийн байгуулсан гэрээний дагуу энэ даваа гарагт цагаач дүрвэгчдийг Грекээс Турк руу албадан буцаах ажил эхэлсэн. Гэхдээ 202 цагаач дүрвэгч хөлөг онгоцоор Турк руу буцсаны дараа Грекийн эрх баригчид албадан буцаах ажлыг түр зогсоосон байна. Энэ 7 хоногийн сүүлээр дахин зуу, зуун дүрвэгчийг Турк руу албадан буцаах төлөвлөгөөтэй байгаа ч буцаагдаж байгаагаас олон тооны цагаач дүрвэгч Грекийн арлуудад нэмж очсоор байгаа нь гэрээ үр дүнгээ өгөх эсэхэд эргэлзээ төрүүлж эхлээд байна.
Даваа гарагт эхний ээлжээр 202 цагаач дүрвэгч албадан буцаагдсан бол 220 гаруй цагаач дүрвэгч хууль бус тээвэрлэгчдийн хийлдэг завинд сууж, Грекийн арлуудад хүрч очжээ. Үүнээс гадна Грект орогнол эрэх өргөдөл гаргаагүй дүрвэгчдийг албадан буцааж байгаа талаар мэдээлэл авсан цагаач дүрвэгчид олон тоогоор өргөдөл гаргасан байна. Грекийн Лесбос арлын Мория хуаранд саатуулагдаж байгаа 3000 орчим цагаач дүрвэгчийн олонх нь ийнхүү Грект орогнол эрэх өргөдөл гаргасан нь тэдний өргөдлийг хүлээн авах, шийдвэрлэх үүрэгтэй байгууллагуудын ачааллыг хэд дахин нэмэгдэхэд хүргэжээ.
Европын холбооны орнууд 400 албан хаагч, мөн тооны орчуулагчийг энэ ажилд тусламж болгон илгээхээр амласан ч тэдний цөөн нь л Лесбос аралд хүрч очсон талаар "Би-Би-Си" мэдээлж байна. Өнөөдөр буюу лхагва гарагт дахин 62 албаны хүн Грекийг зорихоор болсон байна. Цагаач дүрвэгчдийн орогнол эрэх өргөдлийг хоёр хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд өргөдөл буцаагдсан нөхцөлд 5 хоногийн дотор давж заалдах эрхтэй юм. Энэ журмаас үзэхэд Грекийн эрх баригчид цагаач дүрвэгчдийг Турк руу олон тоогоор албадан буцаахын тулд наад зах нь долоо хоног гаруйн хугацаа шаардлагатай болж байгаа юм.
Грекээс цагаач дүрвэгчдийг гаргах ажлыг түр зогсоолоо | ||
Үзсэн: 1178 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.