Шууд Chart

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сирийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2016-04-06 14:49:58

Өчигдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо тус улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Стаффан де Мистураг хүлээн авч уулзсан байна. Сирид энх тайван тогтоох хэлэлцээний дараагийн үе шатыг энэ сарын 11-нд эхлүүлэхээр товлосон. Тус яриа хэлэлцээг амжилттай зохион байгуулахад дэмжлэг хүсэхээр Стаффан де Мистура ОХУ-д айлчилсан юм.

Өчигдөр болсон уулзалтын үеэр ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Сирийн яриа хэлэлцээ амжилттай болох нэг суурь нөхцөл нь Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний босогчдын бүх төлөөллийг ялгалгүйгээр хэлэлцээнд оролцуулах явдал гэдгийг онцлон тэмдэглэсэн  байна. АНУ, ОХУ-ын хамтран санаачилсан Сирид гал зогсоох түр хэлэлцээр амжилттай хэрэгжиж эхэлсний дараа Швейцарийн Женев хотноо Сирид энх тайван тогтоох яриа хэлэлцээний хоёрдугаар үе шатыг зохион байгуулсан юм.

Гэвч Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг засгийн эрхээс буулгах эсэх асуудлаар талууд санал зөрөлдсөн хэвээр байсан учраас хэлэлцээг завсарлаж, энэ сарын 11-нд үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу ирэх долоо хоногт Женев хотноо эхлэх энхийн яриа хэлэлцээний 3-р үе шатанд Сирийн Засгийн газар, сөрөг хүчний төлөөллийн аль, аль нь Башар Асадыг хэрхэх тухай асуудлаар харилцан буулт хийх найдлага тун бага гэж ажиглагчид үзэж байна. Сирийн асуудал эрхэлсэн НҮБ-ын тусгай төлөөлөгч Москва дахь айлчлалынхаа дараа Сирийн нийслэл Дамаск хотод айлчлахаас гадна тус улсад нүүрлэсэн хямрал мөргөлдөөнд Сирийн Засгийн газрыг дэмжиж байгаа Иран, мөн босогчдод дэмжлэг үзүүлж байгаа Саудын Араб зэрэг улсад айлчлал хийх юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сирийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй