Шууд Chart

Попокатепетль, Колима галт уул сэржээ

2016-04-06 14:54:41

Мексикийн Попокатепетль, Колима галт уул сэрсэн талаар "Ассошиэйтед Пресс" агентлаг мэдээлж байна. Тус улсад идэвхтэй галт уул 14 байдаг. Эдгээрээс хамгийн идэвхтэй галт уулын нэгд тооцогддог Колима галт ууланд өчигдөр хэд хэдэн удаа жижиг хэмжээний дэлбэрэлт болжээ. Орон нутгийн цагаар өглөөний 11:49 цагт бүртгэгдсэн нэг дэлбэрэлтийн үеэр галт уулын тогоон дахь үнс, чулуулаг 2.5 км хүртэлх өндөрт цацагдаж, утаан хөшиг үүсгэсэн байна.

Мексикийн Иргэнийг аюулаас хамгаалах агентлагийн мэдээлснээр Мексикийн төв хэсэгт оршдог  Попокатепетль мөн идэвхжиж, галт уулын тогооноос гурван км гаруй өндөрт үнс, чулуулаг цацагдаад байгаа юм. Дон Гоёо гэх нэршлээрээ алдартай тус галт уулын тогоонд өнгөрсөн 24 цагийн дотор 130 гаруй тооны жижиг дэлбэрэлт бүртгэгдсэн болохыг Мексикийн Гамшгаас сэргийлэх үндэсний төв мэдээлсэн байна.

Попокатепетль галт уулын тогооны ирмэгээр өнгөрсөн нэгдүгээр сард хатуурч тогтсон лавын бөөгнөрөл эдгээр дэлбэрэлтийн улмаас алга болсон гэдгийг холбогдох албаныхан нисдэг тэргээр ажиглалт хийх явцдаа тогтоосон байна. Одоогоор галт уулын ойролцоох хотуудаас үйлдэж байгаа нислэгүүд хэвийн горимоор үргэлжилж байгаа ч нисгэгчдэд галт уул идэвхжсэн талаар анхааруулга хүргэсэн байна.

Дон Гоёо галт уул нь Мексикийн нийслэлээс 80 орчим км-ийн зайд оршдог бөгөөд тус улсын мөн л хамгийн идэвхтэй галт уулын нэгд тооцогддог юм. Галт уулын төлөв байдал ямар байгааг ойролцоо суурилуулсан ажиглалтын камерууд Ютүбээр шууд дамжуулан үзүүлж буй юм байна. Ютүбийн “Веб Камс Де Мексико” сувгаар хандаж, энэхүү бичлэгийг шууд хүлээн авч үзэх боломжтой юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Попокатепетль, Колима галт уул сэржээ  
Үзсэн: 1705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй