
АНУ-ын Миссисипи муж улсын захирагч Фил Брайант бизнэс эрхлэгчид шашны итгэл үнэмшилдээ тулгуурлан ижил хүйстэн хосуудад үйлчлэхээс татгалзах эрхийг баталгаажуулсан хуульд гарын үсэг зуржээ. Ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах идэвхтнүүд болон хүний эрхийн байгууллагуудаас хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан энэ хууль сүм, шашны байгууллага болон хувийн аж ахуйн нэгжүүд сүсэг бишрэл, ёс зүйн итгэл үнэмшлээ хамгаалахын тулд ижил хүйстнүүдэд үйлчлэхээс татгалзах боломжийг олгож байгаа юм.
Энэ хуулийг эсэргүүцсэн иргэд жагсаал цуглаан зохион байгуулж, ижил хүйстэн болон хүйсээ солиулсан хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзлийг өөгшүүлэхгүй байхыг уриалж байгаа юм. АНУ-ын өөр хэд хэдэн муж улсад үүнтэй ижил төстэй хууль батлах талаар хэлэлцэж байна. Умард Каролинад хүйсээ солиулсан трансжендер хүмүүс сонгосон хүйс бус, харин төрсөн хүйсийнхээ дагуу нийтийн бие засах газраар үйлчлүүлэх ёстой гэх заалт бүхий хууль саяхан батлагдсан юм.
Өөрөөр хэлбэл, хүйсээ солиулж эмэгтэй болсон хүн Умард Каролинад биологийн хүйсийнхээ дагуу эрэгтэйчүүдийн бие засах газарт орох ёстой гэсэн үг. Энэ хуулийг эсэргүүцэн ПейПал компани Умард Каролинад үйл ажиллагааны салбар төвөө байгуулах төлөвлөгөөгөө цуцлаад байна. Мөн өөр томоохон компаниудын гүйцэтгэх захирлууд хамтран Умард Каролинад дээрх хуулийг хүчингүй болгохыг шаардсан захидал хүргүүлжээ. Жоржиа муж улсын захирагч тус мужид үйл ажиллагаа явуулдаг том компаниудын шахалтаас үүдэлтэйгээр ижил хүйстнүүдийн эрхийг хязгаарласан хуульд гарын үсэг зурахаас татгалзсан юм.
АНУ-ын Миссисипи муж улсад ижил хүйстнүүдэд үйлчлэхгүй байх эрхтэй | ||
Үзсэн: 1525 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.