Дайн тулааны талбарт зуу, зуун тэсрэх бөмбөг илрүүлж, АНУ-ын тэнгисийн явган цэргийн олон мянган алба хаагчийн амийг авран хамгаалсан үнэрч нохойг эр зоригийн медалиар шагнажээ. Өвчтэй амьтдыг асран хамгаалах ардын диспансер гэх Их Британийн ашгийн бус байгууллага АНУ-ын тэнгисийн явган цэргийн Лукка нэрт үнэрч нохойд Дикинийн нэрэмжит эр зоригийн медалийг мягмар гарагт гардуулсан байна.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Мариа Дикинийн санаачилсан энэ медаль нь цэрэг батлан хамгаалахын салбарт үүрэг гүйцэтгэн, гавьяа байгуулсан амьтдад олгодог хамгийн дээд шагналд тооцогддог юм. Лукка үнэрч нохойн байгуулсан олон гавьяаг харгалзан, 1943 оноос хойш ердөө 66 амьтанд олгож байсан Дикинийн нэрэмжит эр зоригийн медалиар шагнах шийдвэр гаргасан байна. Лукка нохой АНУ-ын тэнгисийн явган цэрэгт 6 жил хүчин зүтгэх явцдаа Ирак, Афганистаны нутаг дэвсгэрт нийт 400 гаруй даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд түүнийг үнэрч нохойгоор ажиллах хугацаанд нэг ч цэрэг амь үрэгдээгүй юм байна.
Лукка 4 жилийн өмнө Афганистанд тэсрэх бөмбөг илрүүлэх ажилд оролцож байхдаа 14 орчим кг жинтэй тэсрэх бөмбөг илрүүлсэн ч, үүний дараа дахин тэсрэх төхөөрөмж хайж байгаад дэлбэрэлтэд өртөн, нэг хөлөө алджээ. Үүнээс хойш дайны талбарт үүрэг гүйцэтгэхээ больсон Лукка нохой одоо эзнийхээ хамтаар АНУ-ын Калифорни мужид амьдардаг юм байна. Их Британийн нийслэл Лондон хотноо болсон Дикинийн нэрэмжит медаль гардуулах ёслолд Лукка нохой өөрийн эзэн, түрүүч Кристофер Уиллингхамын хамт очиж оролцсон гэнэ.
Үнэрч нохойг эр зоригийн медалиар шагнажээ | ||
Үзсэн: 2596 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.