
АНУ-ын Сан Франциско хотын зохицуулах зөвлөл эцэг, эхчүүдэд шинээр мэндэлсэн хүүхдээ асрах цалинтай чөлөө олгох тухай хууль баталжээ. Хотын иргэдийн орлогын тэгш бус байдлыг арилгахад чиглэсэн энэ алхам хэрэгжиж эхэлсэн нөхцөлд олон нийтийн зүгээс дэмжлэг талархал хүлээх нь дамжиггүй гэж ажиглагчид үзэж байна. Зохицуулах зөвлөлийн дахин нэг санал хураалтаар орж, дэмжигдсэн нөхцөлд энэхүү хууль Сан Франциско хотын дарга гарын үсэг зурснаар эцэслэн батлагдах юм.
Хотын дарга Эдвин Ли энэ хуульд гарын үсэг зурахад баяртай байх болно гэдгээ урьдчилан мэдэгдээд байна. Шинэ хуулийн дагуу эцэг, эх бүр шинээр мэндэлсэн хүүхдээ асрах 6 долоо хоногийн чөлөө авах, мөн энэ хугацааны цалингаа бүрэн олгуулах эрхтэй болох юм. Хувийн аж ахуйн нэгж байгууллагуудын дийлэнх хэсэгт болоод төрийн зарим албан байгууллагад хүртэл хүүхэд асрах цалинтай чөлөө хүсэх боломж бололцоо хомс байдаг. Иймээс ажилчдын эрхийг хамгаалах, өрхийн орлого, албан ажилдаа санаа зоволгүй шинээр мэндэлсэн хүүхдээ асрах боломжийг эцэг, эхчүүдэд олгохын тулд Сан Франциско хотын эрх баригчид дээрх хуулийг боловсруулсан байна.
Ажил эрхлэгчид цалинтай чөлөө авах болсондоо баяртай байгаа бол жижиг, дунд бизнес эрхлэгч, ажил олгогч байгууллагууд сэтгэл гонсгор байна. Ажил олгогч байгууллага ажилчдынхаа өмнө хүлээх үүргийг улам бүр нэмэгдүүлж, өвчний улмаас чөлөө авахад ч цалин олгох, ажилчдын эрүүл мэндийн даатгалыг албан байгууллага хариуцан төлөх болсон нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд багагүй санхүүгийн дарамт учруулж байгаа юм. Хүүхэд асрах цалинтай чөлөө заавал олгох асуудал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудлын нэгэн адил АНУ даяар олон нийтийн анхаарлыг татсан халуун сэдэв болох төлөвтэй байна.
Хүүхэд асрах цалинтай чөлөө олгохыг хуульчилжээ | ||
Үзсэн: 3469 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.