Шууд Chart

Швейцарийн цагдаа нар УЕФА-гийн байруудад нэгжлэг явуулжээ

2016-04-07 13:33:24

Панамын Моссак Фонсека хуулийн фирмээс алдагдсан 11.5 сая нууц баримт бичигтэй холбогдоотой мөрдлөг шалгалт үргэлжилж байна. Энэ хүрээнд Швейцарийн цагдаа нар Европын хөлбөмбөгийн холбоо УЕФА-гийн байруудад нэгжлэг явуулжээ. Моссак Фонсека компаниас алдагдсан нууцын зэрэглэл бүхий материалд УЕФА-гийн ерөнхий нарийн бичгийн дарга асан, одоо Олон улсын хөлбөмбөгийн холбоо ФИФА-гийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Жанни Инфантиногийн нэр холбогдсон юм.

Моссак Фонсекагийн нууц баримт бичгүүдээс үзэхэд Жанни Инфантино УЕФА-д ажиллаж байх хугацаандаа 2006 онд хоёр бизнес эрхлэгчтэй УЕФА-гийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах эрх олгох гэрээ байгуулсан байна. Эдгээр бизнес эрхлэгч нь тухайн үеэс эхлэн АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос авлига, хээл хахуулийн хэрэгт буруутгагдсан юм. Хюго Жинкис өөрийн хүү Марианогийн хамт эзэмшдэг Кросс Трейдинг компани 2006 онд УЕФА-гийн цомын аварга тэмцээнийг телевизээр шууд дамжуулах эрхийг 111 мянган америк доллараар худалдан авч, тэр даруйдаа Эквадорын телевизийн сувагт 311 мянган доллараар дамлан худалджээ.

Мөн тус компани УЕФА-гийн супер цомын тэмцээнийг шууд дамжуулах эрхийг 28 мянган доллараар худалдан авч, Эквадорын сувагт 126 гаруй мянган доллараар худалдсан нь Моссак Фонсекагийн нууц баримт бичгүүдээс илэрчээ. Швейцарийн Ерөнхий прокурорын газар энэхүү шууд дамжуулах эрхийг худалдаалсан асуудлаар эрүүгийн мөрдлөг шалгалт эхлүүлсэн байна.

Жанни Инфантино шууд дамжуулах эрх олгох гэрээг зохих журмын дагуу гүйцэтгэсэн болохоо мэдэгдсэн байна. УЕФА-гийн зүгээс дээрх шууд дамжуулах эрхийг нээлттэй, шударга өрсөлдөөн бүхий тендерийн дүнд хамгийн өндөр үнэ амласан талд худалдаалсан болохоо мэдэгджээ. Энэ хооронд Моссак Фонсека фирмийн нууц материалд нэр холбогдсон ФИФА-гийн ёс зүйн хорооны гишүүн Хуан Педро Дамиани албан тушаалаасаа огцорсон юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Швейцарийн цагдаа нар УЕФА-гийн байруудад нэгжлэг явуулжээ  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй