
АНУ-ын үе, үеийн Төрийн нарийн бичгийн дарга нар жил тойрон дэлхийн олон арван бүс нутагт айлчилж, ажил үүргээ гүйцэтгэсээр ирсэн түүхтэй. Харин Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хаших хугацаандаа хамгийн хол замд аялсан дээд амжилтыг АНУ-ын одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри шинэчлэн тогтоосон байна. Тэрээр сая Ойрхи Дорнодын бүс нутаг дахь Бахрейн улсад хүрч очихдоо 2005-2009 оны хооронд АНУ-ын 66 дахь Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кондолиза Райсын амжилтыг эвджээ.
Кондолиза Райс Төрийн нарийн бичгийн даргын хувиар хийсэн бүх айлчлалынхаа хугацаанд нийт 1 сая 704 мянган километр замыг туулсан байна. Харин Жон Керри эрчим хүчний асуудлаарх бага хуралд оролцохоор Нью-Йорк хотоос Бахрейн улсыг зорих замдаа Кондолиза Райсын амжилтыг мянга орчим километрээр ахиулж, шинэ амжилт тогтоосон байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Ардчилсан намаас өрсөлдөж байгаа хатагтай Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа аялсан нийт замаар Кондолиза Райсын араас хоёрдугаарт бичигддэг. Жон Керри хатагтай Клинтоны энэ амжилтыг өнгөрсөн 12 дугаар сард шинэчилсэн юм.
Ийнхүү АНУ-ын үе, үеийн Төрийн нарийн бичгийн дарга нараас Жон Керри хамгийн урт замд аялсан Төрийн нарийн бичгийн даргаар тодорлоо. Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн хувиар хамгийн олон оронд айлчилсан дээд үзүүлэлтийг эзэмшсээр байна. Хатагтай Клинтон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байх хугацаандаа 112 оронд айлчилсан бол Жон Керригийн хувьд ердөө 80 оронд айлчилжээ. Ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа дуусахад үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх Жон Керри айлчлалуудын шахуу төлөвлөгөөгөө өөрчлөх төлөвгүй байна. Тэрээр энэ долоо хоногийн эцсээр үргэлжлүүлэн Япон улсад хүрэлцэн очих юм.
Жон Керри хамгийн хол замд аялсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга боллоо | ||
Үзсэн: 1362 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.