Шууд Chart

Исландын шинэ Ерөнхий сайдыг нэрлэлээ

2016-04-07 15:49:29

Исландын эрх баригч эвсэл тус улсын Хөдөө аж ахуйн сайд Сигурдур Инга  Йоханссоныг Ерөнхий сайдаар нэрлэлээ. Панамын фирмийн нууц материалд нэр холбогдсон Исландын Ерөнхий сайд Сигмюндюр Гюннлёйгссон олон нийтийн хүчтэй эсэргүүцлээс үүдэн албан тушаалаасаа түр буусан юм.

Сигурдур Инга Йоханссон өнөөдөр Исландын Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авсан тохиолдолд Ерөнхий сайдаар томилогдоно. Гэхдээ тус улсын сөрөг хүчний нам хүчин үүнийг эсэргүүцэж, Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх тухай санал хураалт зохион байгуулахыг шаардаж байна. Энэ үеэр Исландын парламентын ордны гадаа эсэргүүцлийн жагсаал 3 дахь хоногтоо үргэлжилж, оролцогч олон мянган хүн Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахыг шаардсаар байна. Панамын нууц материалын анхны хохирогч гэгдэж байгаа Сигмюндюр Гюннлёйгссон 2007 онд Моссак Фонтека хуулийн фирмээр дамжуулан эхнэртэйгээ хамтарч оффшор компани байгуулсан, улмаар 2009 онд парламентын гишүүнээр сонгогдохдоо оффшор компани эзэмшдэг талаараа олон нийтэд мэдээлээгүй нь сая ил болсон.

Эдгээр баримтад үндэслэн түүнийг гэр бүлийнхээ олон сая долларын хөрөнгийг нуун дарагдуулсан, албан үүрэгтэй нь ашиг сонирхлын зөрчил бүхий компани эзэмшиж байснаа нуун дарагдуулсан зэрэгт буруутгаад байгаа юм. Гэхдээ Гюннлёйгссон парламентын гишүүний үүрэгт ажлаа авахын өмнө оффшор компанийн бүх хувьцаагаа өөрийн эхнэрт нэг доллараар худалдсан учраас ямар нэг гэм буруутай үйлдэл хийгээгүй гэж тайлбарласан хэвээр байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Исландын шинэ Ерөнхий сайдыг нэрлэлээ  
Үзсэн: 832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2016-04-07 16:02
манайхан энэ ЕС шиг огцорч чадах болов уу

Бидэнтэй нэгдээрэй