Шууд Chart

Нидерландын иргэдийн 61 хувь нь Европын холбоо, Украины гэрээг дэмжихгүй гэв

2016-04-08 12:18:41

Европын холбоо, Украины хоорондох эдийн засаг, улс төрийн харилцааг ойртон нягтруулах зорилготой гэрээг дэмжих эсэх тухай Нидерландад явуулсан бүх нийтийн санал асуулгын урьдчилсан дүн гарчээ. Энэ дүнгээр санал асуулгад оролцсон нидерландчуудын 61 хувь нь гэрээг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Нидерландын ард иргэдийн 30-аас дээш хувь, өөрөөр хэлбэл наад зах нь 3.7 сая хүн оролцсон тохиолдолд бүх нийтийн санал асуулгын үр дүн хүчин төгөлдөр болох юм.

Энэ тохиолдолд Европын холбоо, Украины гэрээг соёрхон батлах шийдвэрээ эргэн харна гэж Нидерландын ерөнхий сайд Марк Рютте мэдэгдсэн байна. Одоогоор саналын 99.8 хувийг тоолсны дараах байдлаар санал хураалтын ирц 32.2 хувьтай байсан гэж холбогдох албаныхан мэдээлж байна. Гэхдээ урьдчилсан дүнгээр ирц 3 орчим хувь, харин эцсийн дүнгээр 5 орчим хувийн зөрүүтэй мэдээлэгдэх боломж байдаг. Иймээс Нидерландад явагдсан санал асуулгын ирц бүрдсэн гэж тооцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Киев, Европын холбооны гэрээг дэмжих эсэх асуудлаарх Нидерландын бүх нийтийн санал асуулгын эцсийн дүнг энэ сарын 12-нд албан ёсоор зарлах юм байна. Украин, Европын холбооны байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болохын тулд Европын холбооны бүх гишүүн орноор соёрхон батлагдах ёстой. Энэ гэрээ нь Украин, Европын холбооны эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагаанаас гадна батлан хамгаалах болон аюулгүй байдлын салбарын хэд хэдэн хэлэлцээрийг дотроо багтаасан байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Нидерландын иргэдийн 61 хувь нь Европын холбоо, Украины гэрээг дэмжихгүй гэв  
Үзсэн: 812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй