
Бельгийн нийслэл Брюссель хотын цуврал халдлагад оролцсон этгээдүүдийн нэг өмнө нь Европын парламентын байранд цэвэрлэгчээр ажилладаг байсныг албаныхан тогтоожээ. Тус этгээд 2009 болон 2010 оны зун Европын парламенттай гэрээ байгуулсан цэвэрлэгээний компанид 1 сарын хугацаатай ажилласан байна. Европын парламентын хэвлэлийн төлөөлөгч энэ тухай мэдэгдэхдээ халдлага үйлдэгсдийн яг хэн нь Европын парламентын байранд ажиллаж байсныг тодруулж хэлээгүй байна.
Гэхдээ Европын холбооны албаны хүний өгсөн мэдээллээс иш татан хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, тус этгээд нь Брюсселийн Завентем нисэх буудалд халдлага үйлдсэн 2 этгээдийн нэг, Бельгийн иргэн, 25 настай Нажим Лахрауи байсан гэж мэдээллээ. Одоо эрэн сурвалжлагдаж байгаа Нажим Лахрауи өнгөрсөн 11 дүгээр сард Парисын халдлагад ашигласан тэсрэх бөмбөг бүхий амиа золиослох бүсийг хийхэд мөн гар бие оролцсон байж магадгүй гэж сэжиглэгдэж байгаа юм. Гэхдээ тэрээр 6 жилийн өмнө Европын Парламентын байранд ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдсон бүртгэлгүй байсан гэдгийг Европын парламентын хэвлэлийн төлөөлөгч онцоллоо.
Европын холбооны төв байр оршдог Бельгийн нийслэл Брюссель хот өнгөрсөн сард гарсан халдлагын талаар шинэ мэдээлэл ил болох бүрт алан хядах ажиллагаатай тэмцэх нэгдсэн уялдаа бүхий арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй гэх ширүүн шүүмжлэлд өртөх болсон. Гэхдээ Бельгийн аюулгүй байдлын ажилтнууд терроризмын эсрэг бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгааг онцлоод, дахин алан хядах ажиллагаа гарахаас сэргийлэх 30 нэмэлт арга хэмжээ, тэдгээрийн дотор алан хядагчдын олноор ашигладаг урьдчилсан төлбөрт нэгжийн карт худалдаалахыг хориглох журмыг шинээр нэвтрүүлсэн гэж мэдэгдсэн байна.
Брюсселийн халдлагад оролцсон этгээд Европын парламентын байранд ажиллаж байжээ | ||
Үзсэн: 979 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.