
Хятад улс шинжлэх ухааны судалгаа хийх зорилгоор дэлхийн тойрог замд дахин нэг шинэ хиймэл дагуул байршууллаа. Өчигдөр Шижян-10 хиймэл дагуулыг “Лонг Марч 2-Ди” пуужингаар дэлхийгээс хөөргөсөн байна. Шижян-10 хиймэл дагуул сансарт байх хугацаанд шингэн биеийн физик, инженерийн материал судлал, цацраг идэвх болон жингүйдэл амьд биетэд хэрхэн нөлөөлдөг талаар нийт 20 орчим төрлийн туршилт хиймэл дагуулын дотор явагдах юм байна.
Эдгээр туршилт урьд өмнө нь огт хийгдэж байгаагүй учраас шинжлэх ухааны салбарт шинэ нээлт хийх боломжийг ч эрдэмтэд үгүйсгэхгүй байна. Туршилтуудаас тухайлбал сансарт хүн нөхөн үржих боломж бололцоог судлах зорилгоор хулганы үр хөврөл дээр туршилт явагдана. Мөн цацраг идэвхт бодисын нөлөөлөлд орсон жимсний ялаа, хархны генетикийн бүтэц хэр тогтвортой байхыг сансарт туршихаар төлөвлөж байгаа юм. Үүнээс гадна түүхий нефтийн талаар Хятадын үндэсний сансар судлалын төв, Европын сансар судлалын агентлаг хамтран туршилт явуулж байгаа. Энэ хүрээнд 6 титан сав бүхий газрын тосыг сансарт илгээж, өндөр даралт, агаарын температурын эрс тэс хэлбэлзэл дор газрын тосны төлөв байдал, молекулын бүтцэд хэрхэн өөрчлөлт орж байгааг судлах юм байна.
Ингэснээр дэлхий дээрх газрын тосны нөөцийн хэмжээг нарийвчлан тогтоох, олборлолт, ашиглалтын хувь хэмжээг оновчтой болгох боломжтой гэж Европын эрдэмтэд тайлбарлаж байна. Хиймэл дагуулууд ихэвчлэн ашиглагдаж дууссаныхаа дараа дэлхийн тойрог замд хаягдал болон үлддэг. Ашиглалтаас гарсан олон мянган хиймэл дагуул, хиймэл дагуулын хэлтэрхий дэлхийн тойрог замд сансрын хаягдал болон эргэлдэж байгаа юм. Харин Хятадын хиймэл дагуул туршилтын үр дүнг цуглуулсны дараа эх дэлхийд эргэн ирэхээрээ онцлог юм. Хятад улс эх дэлхийд эргэн ирдэг 25 хиймэл дагуулыг сансарт илгээгээд байгаа юм.
Хятад улс шинжлэх ухааны судалгааны хиймэл дагуул хөөргөлөө | ||
Үзсэн: 768 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.